М.Энхжаргал: Дотроо байгаа Олимпын аваргыг гаргаж ирэхийг хүсэж байна
Спорт
М.Энхмаа
М.Энхмаа
2024.07.28
3 минут
М.Энхжаргал: Дотроо байгаа Олимпын аваргыг гаргаж ирэхийг хүсэж байна

2024 оны 06 сарын 02. Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн. Гуравдугаар тойргийн гуравдугаар раунд. Түүний хувьд боксын спортоор хичээллэж эхэлсэн мөчөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд хамгийн их хүсэж мөрөөдсөн Олимпын наадамд оролцох эсэх нь гуравхан минутын дараа шийдвэрлэгдэх болно. Түүнд ухрах зам үлдсэнгүй. Зогсолтгүй урагш тэмүүлэх эрэмгий дайчин зангаа гаргах л үлдлээ…

М.Энхжаргал: Дотроо байгаа Олимпын аваргыг гаргаж ирэхийг хүсэж байна

“Олимпод оролцохын тулд миний хамгийн эхний зорилго эрхээ авах байсан тул Тайланд улсын Бангког хотноо олимпын эрхийн төлөөх гурван тулаан хийсэн. Сүүлийн тойрогт Венесуэлийн тамирчинтай маш хүнд тулалдсан. Эхний раундад 3:2-оор хожигдож, хоёрдугаар раундад 3:2-оор хожсон. Ийнхүү гуравдугаар раунд эцсийн шийдвэрлэх мөч болж, багш нар маань “ Одоо хэн илүү ажиллаж, ухаантай шийдвэр гаргасан нь ялна шүү. Миний охин хичээгээрэй!” гээд рингэн дээр гаргаж байсан юм. Тэр гуравхан минутын хугацаанд боксоор хичээллэж эхэлснээс хойш багш нарын маань хэлж байсан үгс чихэнд сонстож “Анх энэ спортоор яагаад хичээллэж эхэлсэн билээ? Гэр бүлийнхэн минь намайг Олимпын эрхээ аваад эх орондоо ирэхийг хүлээж байгаа шүү дээ…” гээд бүх л бүтэн амьдрал бодогдсон.”

"Тэмцээний үед багшийнхаа үгийг сонсохгүй бол би өөрийгөө хажуугаас нь харж чадахгүй"

М.Энхжаргал: Дотроо байгаа Олимпын аваргыг гаргаж ирэхийг хүсэж байна

Хөлбөмбөгөөр хичээллэдэг байсан бяцхан охины тулааны спорттой холбогдсон түүх 2011 оноос эхтэй. Алдар спорт хорооны хөлбөмбөгийн баг тарсны улмаас дараагийн спортын эрэлд гарсан нь бокс байв. МУГД А.Гантулга багшид боксын спортоор хичээллэх чин хүсэлтэй байгаагаа уламжилж, энэхүү спортод хөл тавьсан түүний гал эрмэлзэл 13 жилийн дараа Олимпын рингэнд ийн хүргэжээ.

Спорт гэдэг хатуу. Тэр тусмаа эмэгтэй хүн тулааны спортоор хичээллэж, мэргэжлийн тамирчны замналаар тив дэлхийн дэвжээнд амжилт үзүүлнэ гэдэг хувь хүнээс асар их тэсвэр хатуужил, сахилга бат, сэтгэлийн тэнхээ шаардана. 12 насандаа энэхүү спортоор хичээллэж эхэлсэн М.Энхжаргалын Олимпод хүрэх аялал ч урт замыг туулав.

М.Энхжаргал: Дотроо байгаа Олимпын аваргыг гаргаж ирэхийг хүсэж байна

2021 он. Эрүүл мэндээс шалтгаалан өдөр тутмын өндөр ачаалалтай, эрчимтэй бэлтгэлүүдийг давахад хүндрэл үүсэж, их спортод тууштай зүтгэх хүсэл унтарч эхлэв. Ийнхүү амьдралын шаардлагаар боксоос хөндийрч эхэлсэн энэ үед тулааны бичлэг үзсэн нь түүнийг хурцалж, өмнөө тавьсан зорилгынхоо төлөө илүү тууштай зүтгэх болжээ.

Боксоос хөндийрсөн үедээ анх удаа тулааны бичлэг үзэж байсан юм. Тухайн үед өөртөө амлаж байсан амлалтаа эргэж санасан. “Би 2024 оныг дуустал эцсийг нь үзэх ёстой шүү дээ. Тиймээс энэ зорилгынхоо төлөө байгаа бүхнээ зориулаад үзье.” гэж шийдсэн. Анх рингэн дээр гарах үеэсээ л Олимпын наадмыг зорьсон гэх бодолтойгоор спортдоо буцаж ирээд Ази тивийн аварга, Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын хүрэл медалийг авч байсан. Одоо би Олимпын медальтан, Олимпын аварга болохыг зорьж байна.

"Дотроо байгаа Олимпын аваргыг гаргаж ирэхийг хүсэж байна"

М.Энхжаргал: Дотроо байгаа Олимпын аваргыг гаргаж ирэхийг хүсэж байна

“Гэр бүлийнхэн маань намайг энэ спортод хөтөлж оруулсан гэж би боддог юм. Гэртээ нэмэлт бэлтгэл хийх үеүдэд аав маань кросст хамт гүйдэг. Аавын эзгүйд дүү нар маань хамт гүйнэ. Намайг огт ганцааранг минь гүйлгэдэггүй. Ингээд харахаар гэртээ мэргэжлийн бус бэлтгэл хангагч нартай.” хэмээн инээмсэглэх тэрбээр хайр, итгэл найдвар, сэтгэлийн хүч, урам зоригоор хөглөгдсөөр мөрөөдөлдөө хүрэх өдөр ийн ирж байна.

Тамирчныхаа ялалт, ялагдал гээд бүхий л агшинд хамт байж, сэтгэл догдлом торгон мөчүүдийг хамтдаа бүтээцгээе. Монгол Улсын төрийн дуулал Парисын тэнгэрт олонтоо эгшиглэж, Монгол Улсын төрийн далбаа Парисын тэнгэрт олонтоо мандах болтугай!

Go team MonGOlia!