Залуусын орон зай

Монголд 10 ажилтны 2 нь ажил олгогчоо шударга бус гэж үнэлдэг

Б.Намуун2025.09.015 минут унших
Монголд 10 ажилтны 2 нь ажил олгогчоо шударга бус гэж үнэлдэг  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монгол Улсад 10 хүн тутмын 2 нь ажил олгогчоо өөрийг нь шударгаар үнэлдэггүй гэж үздэг нь судалгаагаар тогтоогджээ. Тухайлбал, SICA судалгааны байгууллагаас 2025 онд хийсэн Монгол Улсын нийгмийн үеийн судалгаагаар сүүлийн таван жилд ажилчдаа шударгаар үнэлдэг гэдэгт итгэдэг хүмүүсийн тоо эрс буурсан байна. 2020 онд “Манай байгууллага миний ажлыг шударгаар үнэлдэг” гэдэгт 55.9 хувь нь тийм гэж хариулсан бол 2025 онд энэ үзүүлэлт 37.2 хувь болж, 18.7 хувийн бууралттай гарчээ. Судалгаанд 18-аас дээш насны, хот болон орон нутгийн бүсийн нийт 1,200 хүнийг хамруулсан юм. Дэлгэрэнгүй судалгааг ЭНД дарж уншаарай.  

Байгууллагын шударга байдалд итгэх итгэл үе залуужих тусам буурч байна 

Монголд 10 ажилтны 2 нь ажил олгогчоо шударга бус гэж үнэлдэг  нийтлэлийн зураг

Дээрх графикаас нийгмийн үе залуужих тусам байгууллагынхаа шударга байдалд илүү эргэлзэж байгааг ажиглаж болно. Тэгэхээр залуу ажилчдын дунд байгууллагын шударга байдалд эргэлзэх хандлага илүү давамгай байгааг илтгэж буй. Мөн ажил олгогчид ажилчдаа шударгаар үнэлдэг гэдэгт “зарим тохиолдолд” гэж хариулсан хүмүүсийн хувь 2020 онд 26.3 хувь байснаа 2025 онд 45.2 хувь болж өсжээ. Энэ нь ажилчдын олонх нь бүрэн итгэлтэй биш байгаа бөгөөд байгууллагын шударга байдалд эргэлзэж эхэлснийг харуулж байна.  

Монголд 10 ажилтны 2 нь ажил олгогчоо шударга бус гэж үнэлдэг  нийтлэлийн зураг

Хөдөлмөрөө үнэлүүлдэггүй ажилтан: Би олон жил компанидаа ажилласан ч  шударгаар үнэлэгдэж байгаа мэт мэдрэмж төрдөггүй. Шинэ санаа дэвшүүлж, илүү их хүчин чармайлт гаргасан ч цалин, шагнал, карьерын өсөлтөд огт нөлөөлдөггүй нь сонирхолтой.  Тэгсэн атлаа надаас бага ажил хийж, бүтээмжгүй байгаа хүмүүсийг илүү их урамшуулж, итгэл хүлээлгэдэг. Тиймээс ажлаасаа гарах талаар бодоод хэдэн сар болж байна. Ажлаасаа гарсан ч шударга удирдлага олдохгүй бол гадагшаа явж ажиллаж, амьдрах төлөвлөгөөтэй байна. 

Энэхүү нэг хүний яриа цаана нь байх олон ажилтны өдөр тутмын туршлага, сэтгэл зүйн байдлыг илэрхийлж байгаа бөгөөд ажил олгогчийн шударга үнэлгээ, харилцааны чанарын чухлыг харуулж байна.  

Ажил олгогчийн шударга бус байдал юунд хөтөлж байна вэ? 

Ажилтан ажил олгогчийнхоо шударга үнэлгээнд итгэх итгэл нь тэдний сэтгэл зүй, ажлын сэтгэл ханамж, бүтээмжид шууд нөлөөлдөг.  

Ажилгүйдэл нэмэгдэх, ажлаас халшрах 

Ажил олгогч нь ажилтнуудаа шударга үнэлдэггүй гэсэн ажилчид нэмэгдэх тусам ажлаас халшрах байдал нэмэгддэг. Хэрэв ажилтан ажлаасаа гарч өөр ажилд ороход  ижил төстэй шударга бус хандлага угтаж авбал шинэ ажил хайх итгэл дагаад буурч эхэлдэг аж. 

Санаачилгагүй, унтаа ажилтан 

Шударга бус үнэлгээ нь ажилтны сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж, ажлын идэвхийг бууруулдаг бөгөөд үүний улмаас ажилтнууд сэтгэл дундуур, санаачилгагүй болдог. Мөн шударга бус үнэлгээ нь стресс, ядаргаанд хүргэж, сэтгэл санааны байдал муу болсон ажилтнуудын ажлын чанар, хурд буурдаг аж. Түүнчлэн судалгаагаар сэтгэл санаа нь хямарсан ажилтнуудын бүтээмж 20-30 хувиар буурдгийг тогтоожээ. Тиймээс ажил олгогчид ажилтнуудынхаа ажлын үнэлгээг шударгаар явуулах, амжилтыг нь үнэлж, бурууг нь зөв чиглүүлж заах нь байгууллагын бүтээмжийг хадгалахад чухал ач холбогдолтой юм. 

Гадаад руу цагаачлах нь нэмэгдэх 

Ажил олгогч нь ажилтнаа шударгаар үнэлэхгүй байснаар ажилтны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, орон нутгийн ажлын нөхцөл тааламжгүй, өсөлт, карьерын боломж хомс гэж мэдрүүлдэг. Үүний улмаас залуучууд илүү өндөр цалинтай, шударгаар үнэлдэг улс орон руу нүүж, ажиллаж амьдрахыг хүсэх хандлагатай болдог аж.  

Энэхүү судалгаа нь Монгол Улсад анх удаа үе хоорондын ялгааг үзэл бодол, итгэл үнэмшил, хэрэглээнд гарсан өөрчлөлтөд тулгуурлан харуулж буйгаараа онцлогтой. Судалгааны үр дүнгээс үзэхэд, ажил олгогчид ажилтнуудынхаа үнэлгээ, шударга үнэлэмжийг сэргээхгүй бол залуучуудын Монголд үлдэх сонирхол тасралтгүй буурсаар байх магадлалтай. Энэ нь улс орны ирээдүйн хөгжлийн боломжид шууд нөлөөлөх чухал асуудал юм.

Монголд 10 ажилтны 2 нь ажил олгогчоо шударга бус гэж үнэлдэг  нийтлэлийн зураг

   

Холбоотой нийтлэлүүд