Залуусын орон зай

Мэдээлэл технологийн эрин үед амьдарч байгаагаа хэрхэн “тултал” ашиглах вэ?

TsoilogsoZ2024.03.205 минут унших
Мэдээлэл технологийн эрин үед амьдарч байгаагаа хэрхэн “тултал” ашиглах вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

💥 Бид өмнөх үеийнхээ “хамгийн солиотой” мөрөөдөл дунд амьдарч байна. 

❓ Тухайлбал, Никола Тесла 1900 онд маш нарийн системтэй утасгүй холбоогоор дэлхийн аль ч өнцөг рүү, ямар ч төрлийн сигналыг дамжуулах боломжтой гэсэн санааг дэвшүүлж байв. Харамсалтай нь тэрээр өөрийн цаг үеийн технологийн хөгжил, хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад энэ санаагаа хэрэгжүүлж чадаагүй. Үүнээс нэгэн зууны дараа бид уг санааг хамгийн дэвшилтэт хувилбараар хөгжүүлж, зөвхөн дэлхий бус сансар огторгуй руу ч утасгүй холбоогоор мэдээлэл дамжуулж, хүлээн авдаг шатанд иржээ. Гагцхүү эндээс маш чухал асуулт урган гарна. Бид энэ давуу талаа “тултал” ашиглаж чаддаг уу? Ер нь бид мэдээлэл технологийн эрин үед амьдарч байгаагаараа бусад үеэс ямар давуу талыг эдэлж байна вэ? Энэ нийтлэлээр хариултыг нь олцгооё.

Өмнөх үеүд VS Мэдээлэл технологийн үе

Хүн төрөлхтний түүхэн дэх бусад үеүдээс өдгөө бидний амьдарч буй дижитал технологи, мэдээллийн эрин үе ямар ялгаатай талаар бодит жишээн дээр тулгуурлан авч үзэцгээе.

📖 Дэлгээтэй ном буюу мэдээллийн нээлттэй байдал

100 жилийн өмнө л гэхэд хүн төрөлхтөн мэдлэг, мэдээллийг зөвхөн цаасан хэвлэлээр дамжуулж, маш хязгаарлагдмал байдлаар авдаг байв. Тэр дундаа ахисан түвшний судалгаа, шинжилгээг хүсээд ч үзэх боломжгүй байлаа. 

Харин одоо яаж өөрчлөгдөв? Бид хүссэн газраасаа, хүссэн цагтаа ямар ч мэдээллийг нээлттэй авах боломжтой болсон. ГЭХДЭЭ! Энд Wikipedia, Quora гэх мэт хүн бүрийн ашиглаж хэвшсэн сайтыг онцлох гэсэнгүй. Эдгээр вэбсайтад байршдаг мэдээллүүдээс хавьгүй чанартай, шинжлэх ухаанч мэдээллүүдийг авч болохуйц хэд хэдэн вэбсайтыг дурдъя. 

Хамгийн найдвартай эх сурвалж бол судалгааны ажил, эрдэм шинжилгээний өгүүллүүд юм. Дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг, бүх салбарын судалгааны материалуудыг унших боломжтой вэбсайт бол Researchgate. Үүнээс гадна АНУ-ын Үндэсний Анагаах Ухааны Номын СанҮндэсний Академийн Хэвлэлийн Газар гэх мэт томоохон институтийн вэбсайтад тус салбарын судалгаа, шинжилгээний материалууд нээлттэй байршдаг. Бие даалтаа хийх гэж буй оюутан, оффис дээрээ төлөвлөгөө боловсруулж суугаа ажилтан, сонины нийтлэл бичиж суугаа сэтгүүлч гээд хэн ч эдгээр мэдээллийн санг ашиглах боломжтой бөгөөд энэ мэт чанартай эх сурвалжаас мэдээллээ авах нь таныг бусдаас өндөр үнэлэгдэхэд тус болно. Ийм төрлийн зарим сайтууд:

🖋️ Дэлхийн боловсролыг дэргэдээсээ!

Орчин үед тал талын мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, хөрвөх чадвартай мэргэжилтнүүд олон болжээ. Энэ нь интернэтийн хөгжлийг даган цахим сургалт, семинар, лекц зэрэг өндөр түвшинд хөгжсөний нөлөө юм. 100 жилийн өмнө бид сургууль гэсэн том танхимд заавал өөрийн биеэр очиж байж тодорхой мэдлэг, чадварыг эзэмших боломжтой байсан бол өдгөө унтлагын өрөө, очих дуртай кофе шоп, бүр гудам дахь сандал дээрээс ч чанартай боловсролыг олж авах боломжтой болжээ.

Тухайлбал, дэлхийн технологийн “мангас”-уудын нэг болох Google корпорац дэлхий нийтийн цахим ур чадварыг хөгжүүлж, орчин үеийн “шижигнэсэн” мэргэжилтнүүдийг бэлтгэхээр “Grow with Google” хэмээн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг аж. Уг хөтөлбөр нь 2017 оноос хойш хэрэгжиж нийтдээ 600,000 гаруй хүнийг хамруулаад байгаа бөгөөд дэлхий даяар хөтөлбөрийн сертификатыг зөвшөөрсөн 2,400,000 гаруй ажлын байр байна. Энэ хөтөлбөрт хамрагдсан залуус:

  1. Дата шинжилгээ
  2. Цахим аюулгүй байдал
  3. Дижитал маркетинг ба цахим худалдаа
  4. Төслийн менежмент
  5. UX дизайн
  6. Мэдээллийн технологи зэрэг зургаан төрлийн ур чадваруудаас сонгож өөрийгөө хөгжүүлэх боломжтой бөгөөд ХАМГИЙН ЧУХАЛ НЬ! Хөтөлбөр дууссаны дараа гадаад, дотоодын томоохон байгууллагуудад ажиллах боломжоор хангагддаг байна. 

Уг хөтөлбөр энэ сараас манай улсад хэрэгжиж эхлэх бөгөөд бүртгэл гуравдугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилж байгаа аж. 

📱 Харилцааны төгс арга барил

Харилцаа холбооны түүхэн хөгжлийг маш товчоор дурдвал биет захидал → телеграф → телефон → интернэт гэж үечилж болох бөгөөд цаасан дээр бичсэн ил захидлыг хүргэх гэж хэдэн өдөр, хэдэн сарыг мориор туулдаг байсан хүн төрөлхтөн өнөөдөр төсөөлшгүй хөгжилд хүрсэн байна. 19-р зууны дундуур анх телефон үүссэнээр хүмүүс алсын зайнаас ч дуу хоолойгоороо мэдээлэл солилцох боломжтой болсон. Улмаар интернэт хөгжсөний дараа юу болсныг бид хамгийн сайн мэдэж байгаа. 

Орчин үед улс орон бүр өөрсдийн хэрэглэдэг харилцаа холбооны аппликейшнтай болжээ. БНСУ-ын иргэд тухайн улсын топ компаниудын нэг болох Kakao корпорацаас гаргасан “Kakao Talk”, Япон улсын иргэд NAVER корпорацын Line үйлчилгээг түлхүү ашиглаж байна. Энэ мэт аппликейшнаар дамжуулж зөвхөн дуудлага, зурвас илгээгээд зогсохгүй санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг авдаг нь гол давуу тал юм. Монголчууд ч гэсэн өөрсдийн хэрэглээнд тохирсон энэ төрлийн аппликейшн, үйлчилгээг чанартай түвшинд хөгжүүлэх шаардлагатай.

🔻 Төгсгөлд нь

Мэдээж хүн төрөлхтөн хөгжлийн түүхэн дэх хамгийн төгс эрин үедээ амьдарч байна уу гэвэл энэ талаар илүү өргөн хүрээнд ярилцах хэрэгтэй болно. Гэхдээ бид түүхэн дэх хамгийн олон боломж, бололцоотой эрин үед амьдарч байгаа нь хөдөлшгүй ҮНЭН! Гагцхүү бид эдгээр боломжийг тултал ашиглаж, өөрсдийн потенциалдаа хүрч чадаж байна уу гэдэг л асуулт. 21-р зууны залуу хүн танд бүх хаалга нээлттэй байна, чухам эдгээрийг онгойлгож аяллаа цааш үргэлжлүүлэх эсэх нь таны сонголт.

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд