Залуусын орон зай

Эхээсээ булингартай боловсролын бодлого: 50-80 хүүхэд нэг ангид...

Б.Намуун2025.11.135 минут унших
Эхээсээ булингартай боловсролын бодлого: 50-80 хүүхэд нэг ангид...

Улс төр, нийгмийн асуудлын тухай хүүрнэх “Policy Point” буланд маань тавтай морил. Энэ булангаар бид улс төрийг цаг үе, хэлбэрээс үл хамааран гүнзгий ойлгож, бодлогын учир шалтгаан, үр дагаврыг эргэцүүлэн дүгнэхийг зорьж байна.  

Бид өвөл болохоор л утаагаа санадаг шиг намар болохоор гэнэт л бүгд нэг асуудлыг ухаан орсон мэт санаж эхэлдэг. Аажимдаа өвөл, хавар болохын цагт асуудалдаа дасаад, зун нь дахиад л мартана. Гучин хүүхдэд зориулагдсан анги дотроо дал, наян сурагчийг багтааж, ширээ сандал нь ч багтахаа байж, гурав дөрвөн ээлжээр сурах даваатай тулгарч байна. Жил бүр л ийм асуудал гардаг байхад хүйтэн салхи үлээхтэй зэрэгцээд л  гэнэтхэн “Анги танхим хүрэлцэхгүй юм байна” гэдгийг шинээр нээсэн мэт гайхширч эхэлнэ. Намрын навчис шиг жил бүр унадаг, улирлын чанартай амлалтууд л бидэнд үлдэнэ. 

Шинэ асуудал биш! 

Жилийн өмнө 2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 62 дугаар сургуульд яг ижил асуудал тулгарч байв. Есдүгээр сарын 1-ний өдөр тухайн сургуулийн эцэг, эхчүүд хүүхдүүдийг нь гэр хороолол дунд зориулалтын бус хүүхэд сурах эрүүл аюулгүй орчин хангаагүй байранд хичээллүүлэх нь гэж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Харин энэ жилийн хувьд хаа сайгүй хэд хэдэн сургуулийн нэг ангид 50-80 хүүхэд суралцаж байна. Жил бүр тохиодог энэ асуудал яагаад “цоо шинэ” мэт гарч ирдэг нь сонирхолтой. 

130 дугаар сургуулийн сурагчийн ээж Д.Мөнхцэцэг 

Манай охин 6 дугаар ангид сурдаг. Анги нь 65 хүүхэдтэй. Өнгөрсөн жил 50 гаруй хүүхэд сурдаг байсан. 65 хүүхэдтэй анги мөртлөө стандартын бус ганцхан цонхтой. Охин маань “Бид халууцаад байвал хаалгаа нээдэг” гэж хэлсэн. Олон хүүхэдтэй ангид юм сурах нь бүү хэл 10 минут төвлөрөөд суух ч хэцүү шүү дээ. 

Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн сурагчийн аав Мөнхжаргал

Хан-Уул дүүргийн Яармаг хэсгийн 34 дүгээр сургуулийн ачаалал тэсвэрлэхийн аргагүй хэмжээнд хүрээд байна. Өнөөдөр 4, 23, 24 гэсэн хороо дундаа ганцхан сургуультай бөгөөд 34-р сургуульд 6,300 гаруй хүүхэд хичээллэж байна. Түрээсийн хоёр байр нэмж ашиглаж байгаа ч бага ангийнхан 3 ээлжээр хичээллэж байгаа нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна. 

Анги дүүргэлтийн тухайд, 20-25 хүүхэд суралцах багтаамжтай ангид 60-аас дээш хүүхэд шахцалдан хичээллэж байгаа нь сурч боловсрох нөхцөлийг бүр мөсөн үгүй болгож байна. Шинээр түрээсэлж буй 34-р сургуулийн “Г” байрны нөхцөл бүр ч ноцтой. Автобусны буудлаас 700 м зайтай, 4, 23, 24-р хорооны хүүхдүүд талдаа 2-3 км алхаж сургуульдаа очдог.  

Frame 2085664024 (1).png

  • 1 багшид 20–30 хүүхэд оногдох
  • Нэг хүүхдэд 1.5–2 м² зай гаргах
  • Танхимын нийт талбай хангалттай (20 хүүхэд ≈ 30–40 м²)
  • Ширээ, сандлыг хөдөлгөж болохуйц, багаар суухад тохиромжтой байлгах
  • Гэрэлтүүлэг хангалттай, байгалийн гэрлийг ашиглах
  • Агааржуулалт сайн, температур 20–24°C орчим байх
  • Дуу чимээг 35–40 дБ-д барих
  • Сурагчдын сэтгэх, бүтээлч байдалд нөлөөлөхөөргүй цэвэр, эмх цэгцтэй орчин бүрдүүлэх
  • Хүлээлгийн, унших булан бэлдэх
  • Спорт заал, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин хүрэлцээтэй байх
  • Цахим төхөөрөмж, интерактив сургалтын контент ашиглах боломжтой байх 

“Анги дүүргэлтийн улмаас хүүхдүүд тэгш бус өрсөлдөөнд орж байна” 

Боловсрол судлаач, менежментийн зөвлөх Б.Батаа 

Frame 2085664113.png

Эрүүл мэнд талаас энд асуудал үүсэж байгаа. Ангийн багтаамж байх ёстой хүүхдийн тооноос их болчихоор агаарын дутагдал үүсэж, хүүхдийн сэтгэн бодох чадвар болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Мөн нэг багшид оногдох хүүхдийн тоо их байснаар сурагчдын боловсролын хүртээмж тэгш бус болж, зарим хүүхэд багшийн дэмжлэгийг бүрэн авч чаддаггүй. Энэ нь хожим их сургуульд элсэх, оноо авах зэрэгт ч шууд нөлөөлж болзошгүй бөгөөд сурагчдыг тэгш бус өрсөлдөөнд оруулж байна гэсэн үг. 

Дэлхий даяар ихэнх сургуулиуд нэг ээлжээр хичээллэхийг зорьж байгаа. Гэвч манайд 3-4 ээлжээр хичээллэсээр. “Боловсрол гэдэг зөвхөн академик мэдлэгийг хэлэхгүй. Хүүхдийн зөөлөн ур чадвар, хувь хүний олон талын хөгжлийг дэмжих ёстой” гэж боловсрол судлаач Б.Батаа хэллээ. Тухайлбал, хүнтэй харилцах чадвар, өөрийгөө нээж хөгжүүлэх ур чадвар зэрэг нь зөвхөн танхимын хичээлээр бүрэн хөгжих боломжгүй. Үүний тулд үдээс хойших нэмэлт хөтөлбөр, дугуйлан зэрэг орон зай, цаг хугацаа шаардсан үйл ажиллагаа хэрэгтэй байдаг. 

Сэтгэл зүй ба анги дүүргэлт 

Хэт олон хүүхэдтэй ангид сурахад хүүхэд асуулт асуух, багшаасаа тусламж авах боломж хязгаарлагддаг тул өөрийгөө ганцаардсан мэт мэдэрч, түгшүүртэй болдог аж. Түүнчлэн дуу чимээ ихтэй байдаг учраас хүүхдийг айдастай, тайван бус болгох сөрөг талтай. Үүгээр зогсохгүй хүнтэй харилцах, багаар ажиллаж, өөрийгөө илэрхийлэх зэрэг зөөлөн ур чадварууд жижиг бүлгээр ажиллаж байж хөгждөг. Гэвч анги дүүргэлт их үед ийм төрлийн хичээл хийх боломж бүрддэггүй ажээ. 

Архангай аймгийн ЕБС-ийн сэтгэл зүйч У.Цэцэгсүрэн 

Өнөөдөр манай сургуульд ч нэг ангид 50 гаруй хүүхэд суралцаж байна. Гэтэл стандартын дагуу нэг ангид 25–30 хүүхэд байх ёстой. Энэ тооноос хэтэрч эхлэхэд сурагчийн анхаарал төвлөрөл буурах, өөрийгөө илэрхийлэх боломж хязгаарлагдах зэрэг олон сөрөг нөлөө үүсдэг. Хүүхдийн тоо их байх тусам багш нэг бүртэй нь хүрч ажиллах, онцлогт нь тохируулан заах боломж улам хомсоддог. Үүний зэрэгцээ багшийн ажлын ачаалал нэмэгдэж, стресс, сэтгэл зүйн дарамттай болох нь бий. 

Бага ангийн сурагчид насны онцлогоосоо шалтгаалан асуудлаа үгээр илэрхийлэх, хэнд хандахаа сайн мэддэггүй тул ийм төрлийн бэрхшээл сэтгэл зүйчид төдийлөн хүрдэггүй. Харин олон хүүхэдтэй анги дотор харилцааны зөрчил, маргаан гарах нь түгээмэл байдаг. Ийм үед охид, хөвгүүдийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг таниулах зорилготой сэтгэл зүйн ярилцлага, бүлгийн зөвлөгөөн зохион байгуулах нь илүү үр дүнтэй. Миний хувьд анги бүрд оношилгоо хийж, үр дүнгийн дагуу нэмэлт дэмжлэг шаардлагатай хүүхдүүдтэй тусгайлан зөвлөгөө өгч ажилладаг. 

-Багш болон эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ? 

-Багш ганцаараа бүх хүүхдэд хүрч ажиллахад хэцүү байдаг тул гэртээ хүүхдийнхээ хичээлд анхаарал тавьж, урамшуулж, дэмжих нь хамгийн чухал. Мөн багш нарын хувьд ангийн ард суудаг, хичээлийн хоцрогдолд ороод байгаа хүүхдүүдэд анхаарал хандуулж, тэдэнд итгэл, дэмжлэг өгөх нь хүүхдийн хөгжлийн суурь болно. 

Бид хаана алдав? - Эх нь булингартай бол адаг нь булингартай 

Бид жилжингээ идэж цуглуулсан өөхөө шинэ жилийн өмнө ганцхан сарын дотор хасах гэж дайрдаг шигээ л бүх асуудалд хандаж байна. Сургууль цэцэрлэг ачааллаа дийлэхгүй байна гэдэг хичээл орохтой зэрэгцэн долоо хоногийн дотор шийдчих амар асуудал биш. Энд анхнаасаа тооцож бодоогүй, үнсэнд хаясан шалз шиг орхигдсон бодлогын алдаа оршин буй юм.  

“Сургууль барина гэдэг манайд сонгуулийн маркетинг л болжээ” 

Улс төр судлаач, дэд профессор Б.Эрдэнэдалай 

Frame 2085664114.png

Анги танхимын дүүргэлт бол хамгийн эртнээс төлөвлөгдөж, наад захын хийчихсэн байх ёстой алхам. Энэ жилийн наймдугаар сарын 20-нд И-Монголиагаар 2025-2026 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид орох хүүхдүүд сургуульд бүртгүүлсэн. Үүний дараа тоог нь аваад “70 гаруй хүүхэдтэй нэг анги бүрдэх нь ээ” гээд сургуулийн захирал нь ярьж байх жишээний. Тэгээд үүнийг Боловсролын сайд нь өөрөө ойрхон байдаг нэг барилга руу гүйж очоод танай байрыг сургуулийн зориулалттай түрээсэлье гээд яриад явж байна гэдэг боловсролын чиглэлийн бодлого ямар ч төлөвлөлтгүй байгааг харуулж байна. Нэг талдаа бид анги танхимын дүүргэлт л яриад байгаа юм шиг боловч нөгөө талдаа хүүхдүүдийн суралцах эрхийг тоохгүй байгаа үзэгдэл. Суралцах эрх гэдэг чинь сургуулийн даац хэтэрлээ гээд хүүхдүүдийг гэрээс нь хол сургууль руу хуваарилж, ангийг нь тарааж өөр ангиуд руу явуулах биш шүү дээ. Хүүхэд ерөнхий боловсрол эзэмшихдээ маш тогтвортой, хүний эрхийг дээдэлсэн орчинд суралцах нь боловсролын гол үүрэг. 

Цахимаар сургууль цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн хүүхдийн тоог аль эрт харж, төлөвлөөд, эрэлт ихтэй байгаа газруудыг яаж шийдэхээ олсон байх ёстой. Сургууль барина гэдэг манайд сонгуулийн маркетинг, мөрийн хөтөлбөрийн л ажил болсон байна. Энэ асуудал бохир улс төрийн тоглолтын бай болж байгаа нь манайд боловсролын бодлого ямар хангалтгүй байгааг харуулаад байна. 

Frame 2085664042.pngБидэнд ниргэсэн хойно нь хашхирав, хор өгчхөөд араас нь тан өгөв зэрэг зүйр үгс бий. Энд яригдаад байгаа асуудлыг товчхондоо эдгээр үгээр л илэрхийлж болохуйц. Олгой хэзээ ч гэнэт гарч ирдэггүй. Бид л хайхрахгүй явсаар хагарахын алдад эмнэлэг барааддаг. Яг л үүн шиг аливаа асуудалд хандсаар өнөөдөртэй золгожээ.  

“Хавтгайрсан халамж боловсролоос дээр заларч байна” 

Боловсрол судлаач, менежментийн зөвлөх Б.Батаа 

Ард түмнээс юу хэрэгтэй байгааг асуухаар бид өөрсдөө боловсролын чухлыг төдийлөн ойлгохгүй, халамжийн бодлогод л анхаараад байдаг. Уг нь ийм байдалд орно гэдэг нь олон жилийн өмнө л статистикаар харагдана шүү дээ. Асуудлыг тултал нь тоохгүй бүр алингаа алдахаар л ярьж эхэлдэг нь монголчуудын том асуудал. Нэгэнт олон жилийн өмнө хийх ёстой байсан зүйлийг одоо шийдэхийн тулд дахиад олон жил хүлээх шаардлагатай. Алсын хараагүй бодлого хэрэгжүүлж, боловсролын бодлого сайн гарахгүй байсны гай энэ. 

Эмнэлэг шаардлага хангахгүй бол хүний үнэт амийг алддаг шиг боловсрол дутмаг байдал тэр хүний цаашдын 40 жилийн бүтээмжийг үгүй хийж байна.

Олон улсад энэ асуудлыг яаж шийддэг вэ? 

Frame 2085664023 (1).pngАсуудлыг хэрхэн тодорхойлон нэрлэж байгаагаас бодлого хамаардаг. Тухайлбал, сургууль цэцэрлэгийн даац хэтрэх асуудлыг яаралтай боловсролын чанарын хямрал гэж тодорхойлбол төрөөс хурдан, бодит шийдэл гаргадаг аж. Харин үүнийг санхүүгийн асуудал гэж тайлбарлавал илүү хэмнэлттэй арга буюу ээлжийн тоо, багшийн ачааллыг нэмэх рүү шилжих юм. 

Олон улс оронд боловсролын яам, орон нутгийн захиргаа нь төрсөн хүүхдийн тоо, насны бүлгийн урьдчилсан тооцоо зэргийг ашиглан хэдэн хүүхэд хэдэн жилийн дараа сургуульд элсэхийг, сургуулийн багтаамж, ангиудын тоо, багшийн орон тоо болон барилга байгууламжийн хэрэгцээг урьдчилан төлөвлөдөг. Их Британид Боловсролын яам жил бүр “National Pupil Projections” буюу сурагчдын тооны урьдчилсан тооцоог гаргадаг бөгөөд энэ загварын тусламжтайгаар ирэх 5–10 жилд сургуулийн суудлын хэрэгцээг урьдчилан тооцдог. Харин Казахстанд төрөлтийн мэдээ болон хүн амын өсөлтийн загварыг ашиглан цэцэрлэг, бага ангийн суудлын хэрэгцээг төлөвлөдөг систем бий. 

Анги дүүргэлт ба сургуулийн багтаамжийг зөв төлөвлөх нь боловсролын чанар, хүүхдийн сурлагын амжилт, багшийн ажиллах нөхцөлтэй шууд холбогддог. Бид энэ байдлаараа бодлогын алдаа гаргаж, гаргасан алдаагаа араас нь засах гэж явсаар байж болохгүй. Урьдчилан төлөвлөх, төрсөн хүүхдийн тоо болон хүн амын өсөлтийн мэдээллийг ашиглах замаар сургуулийн багтаамжийг зохистой тооцох нь алдаанаас урьдчилан сэргийлэх, төсвийн нөөцийг үр дүнтэй хуваарилах, хүүхэд бүрийн боловсролд тэгш боломж олгох түлхүүр юм.  

Холбоотой нийтлэлүүд