Залуусын орон зай

Хэл сурах бохь зажлах шиг л амархан

Д.Жавхлан2025.11.115 минут унших
Хэл сурах бохь зажлах шиг л амархан

Яаж гадаад хэлээ сайжруулах вэ. Яаж сурч байгаа хэлээрээ чөлөөтэй ярих вэ? Яаж, яаж, яаж..?

Энэ асуултыг өөрөөсөө хэдэн зуун удаа асууж байгаа ч хариултаа олж чадаагүй байгаа бол энэ нийтлэлийг уншаарай. Учир нь гадаад хэлний ангийн нэгэн оюутан 4 жил солонгос хэл сурахдаа ашигласан аргуудаасаа тантай хуваалцах гэж байна. Гэхдээ зөвхөн солонгос хэл сурах гэж байгаа хүмүүс биш дэлхий дээрх 7,000 гаруй хэлээс сонирхон судалж байгаа хүн бүхэн энэхүү аргыг туршиж үзэж болох юм шүү.

Яагаад заавал гадаад хэл сурмаар байгаа юм бэ?

Том жижиг ямар нэг шалтгаантай болоод л та гадаад хэл сурах гэж байгаа байх. Япон хэл сураад их сургуульд элсэх, Солонгост очоод, ажиллаж амьдрах, Хятад улс манай хөрш орон болохоор хэлийг нь сурмаар байгаа эсвэл зүгээр л франц хэл гоё сонсогддог болохоор сурч байж ч болно. Аль нь ч байсан бай та яагаад заавал гадаад хэл сурмаар байгаа зорилгоо тодорхойлоорой. 

Анх зүгээр л K-POP-д дуртай болохоор солонгос хэл сурч эхэлж байлаа. Харин дараа нь Солонгост магистрын зэрэг хамгаалах зорилго тавьж илүү ахисан түвшинд сурч эхэлсэн юм. Нэг зорилгодоо хүрсний дараа дараагийн зорилгодоо хүрэхээр хичээх нь яг л олон үетэй тоглоом тоглоод хожиж байгаа юм шиг үнэхээр сонирхолтой бас урамтай. Тоглоомын нэг үе даваад л шагнал авдаг шиг хэлийг сурах тусам таны амьдралд олон боломжууд гарч ирж байдаг. Тухайлбал, нэгээс олон хэлээр ярьдаг бол таны ажлын байрны зах зээлд эзлэх байр суурь өсөж, цалингийн хэмжээ 11%-иас 35%-иар нэмэгддэг гэх судалгаа хүртэл байдаг ажээ. 

Зорилгоо тодорхойлчихлоо. Одоо яах вэ?

“Зорилго нь тодорхой бол явах зам нь тодорхой” гэдэг үг бий. “Би Солонгосын их сургуульд заавал тэтгэлэгтэй сурна” гэсэн зорилго тавиад, хэл сурах аяллаа цааш нь үргэлжлүүлж байлаа. Тэгвэл энэ зорилгодоо хүрэхийн тулд мэргэжил нэгт найзуудтайгаа нийлж гаргасан нэгэн сонирхолтой аргаа та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Энэ бол “тулгын дөрвөн чулуу” хэмээх арга юм.

Хэл сурах тулгын дөрвөн чулуу

Artboard 2.png

Аливаа хэлийг сурахдаа унших, бичих, сонсох, ярих гэсэн дөрвөн чадвараа жигд хөгжүүлснээр тухайн хэлийг илүү хурдан сурдаг байна. Үүнийг хэл сурах тулгын дөрвөн чулуу гэж нэрлэсэн юм. Хүмүүс гадаад хэлээр чөлөөтэй яриад сурчихвал, хадмалгүй кино үзээд ойлгодог болчихвол хангалттай гэж боддог шүү дээ. Тэгвэл тэр хүсэлдээ хүрэхийн тулд эдгээр дөрвөн чадварын алийг нь ч орхигдуулж болохгүй гэсэн үг. 

Гэхдээ хэт төгс юм бодож санаа зовох хэрэггүй дээ! Хэл сурах чинь бохь зажлах шиг л амархан. Тэгвэл хэл сурах тулгын дөрвөн чулуугаа сайжруулахад тань туслах практик аргуудаас хуваалцъя. 

УНШИХ

Artboard 2 copy.png

Өөрийн түвшинд тохирсон, сонирхолтой текст сонгож уншаарай. Зурагт ном, богино нийтлэл,  шүлэг,  үлгэрийн ном, өдөр бүр хүмүүсийн сошиал хаягтаа оруулж байгаа пост ч байж болно. Хамгийн гол нь ойлгохгүй байна гээд орхих биш уншаад л байгаарай. Унших тусам мэдэхгүй үгс чинь нүдлэгдээд дараа хаа нэгтээ хараад “аан, энэ үгийг уншиж байсан юм байна. Нэг тийм утгаар орж байсан даа” зэргээр таамаглах нь үг цээжлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Тиймээс унших чадвараа ч сайжруулчихна, үгийн баялгаа ч нэмчихнэ. Нэг сумаар хоёр туулай буудлаа л гэсэн үг. Гэхдээ хамгийн их үр дүнтэй арга нь киноны богино эшлэл уншиж орчуулах байсан юм.

Богинохон бас сонирхолтой болохоор уншиж цээжлэхэд ч амар, дараа нь ярианд оруулаад ашиглахад ганц үг биш бүтэн өгүүлбэр хэлж чадахаар боллоо л гэсэн үг. Нэг мэдэхэд маш их киноны эшлэл орчуулаад, утсан дээрээ хадгалчихсан байсан. Тиймээс найзуудтайгаа ярилцаж байгаад, орчуулсан эшлэлээ оруулдаг инстаграм хаяг нээсэн юм. Бидэнд ахиц гарсан шиг хүмүүс ч гэсэн энэ аргаар өгүүлбэр цээжлэх гэж манай хаягийг дагадаг болсон. Тиймээс уг арга илүү сонирхолтой бүтээлч байдлаар хэл сурахыг хүсэж байгаа та бүхэнд таалагдана гэж найдаж байна. 

БИЧИХ

Artboard 2 copy 2.png

Энгийн, мэддэг үгнүүдээ ашиглаад өдрийн тэмдэглэл хөтлөх ч юм уу, эсвэл зүгээр л хуулан бичлэг хийгээд үзээрэй. Хуулан бичлэг гэхээр залхуутай сонсогдож байж магадгүй. Гэхдээ хүний гар хөдөлж байх тусам тархи илүү хурдан ажиллаж байдаг аж. Нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг танилцуулахад цэвэр бичих нь анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг болохыг тогтоожээ. Тодруулбал, хүн цэвэрхэн бичихийн тулд бичгийн хэв, хурд, даралтаа хянаж гарын булчин, нүдний хөдөлгөөнөө зохицуулах шаардлагатай болдог. Ингэснээр бичихдээ илүү төвлөрч, тухайн бичсэн зүйлээ хурдан тогтоодог байх нь. Тиймээс өдөрт ядаж ганц минут зарцуулаад дэвтрийн нэг нүүр дүүртэл цэвэр сайхан хуулан бичлэг хийж үзэхийг санал болгож байна. 

СОНСОХ

Artboard 2 copy 3.png

2021 оны Японы Akita University-ийн хийсэн судалгаагаар “shadowing” арга буюу ямар нэг аудио бичлэгийг сонсоод 1 секунд хүрэхгүй хугацаанд дагаж хэлэх эсвэл хариулах дасгал нь тархины сонсгол–ярианы холбоосыг идэвхжүүлдэг болохыг баталсан байна. Энэ арга нь “сонсох-ойлгох-дуу авиагаар дамжуулан гаргах” гэсэн гурван үе шаттай. Өөрөөр хэлбэл, сонсоод ойлгосноо маш бага хугацаанд ярих эсвэл сонссон зүйлээ дуурайж ярихыг хэлж байгаа юм. Яаж хийх вэ гэвэл өдөр бүр 5–10 минут богино бичлэг, кино, дуу, подкаст зэргийг сонсоод, үг бүрийг нь яг адил дуудлага, аялгаар давтаж хэлнэ. Ингэхдээ “буруу дуудчих вий дээ”, “сонин сонсогдож байгаа болов уу?” гэж бодох хэрэггүй шүү. Чихний бөглөөсөө гаргах зорилготой учраас алдаж байсан ч хамаагүй. Чих онгойчихвол дуудлага ч дагаад сайжирчихна. 

ЯРИХ

Artboard 2 copy 4.png

Их сонсдог хүн сайн ярьдаг гэдэг шүү дээ. Тэгвэл одоо сонсох чадвараа ашиглаад нэг яриад үзээрэй. Богино хугацаанд сайн ярьж сурахад тань туслах ганц арга бол дуу сонсоод дагаж дуулах юм. Хүмүүс ихэвчлэн удаан хэмнэлтэй дуу сонсвол дагаж дуулах, үгийг нь ойлгоход амар гэж боддог. Гэвч эсрэгээрээ хип хоп дуу сонсож реп үглэх нь ярианы чадварыг хурдан сайжруулдаг байна. Учир нь репперүүд дууны үгээ бичихдээ хар ярианы үгээр түлхүү бичдэг учраас ойлгож хүлээж авахад амар байдаг аж. Ярих хурдаа сайжруулах хүсэлтэй байгаа хүмүүст уг арга нь яг тохирох юм. Дагаж дуулах тусам хэл зүгширч хурдан уншиж бас ярьж сурдаг байх нь.

Дээр дурдсанаар хэл сурах тулгын дөрвөн чулуу хоорондоо яг л холбогдож байгаа биз? Ярихаа бэлдэнгээ дуу сонсоход давхар унших хурд нэмэгдэж, сонсох чадвар ч сайжирч байдаг. Сонсох чадвараа бэлдэнгээ ярианы бэлтгэлээ ч хийж болохоор байна. Тиймээс хэл сурмаар байгаа бол эдгээр дөрвөн чадвараа зэрэг хөгжүүлээд үзээрэй. Богино хугацаанд мэдэгдэхүйц өөрчлөлт танд гарах болно. 

Унших, бичих, сонсох, ярих гэсэн дөрвөн чадвараа хэрхэн сайжруулах талаар бид танилцууллаа. Харин одоо танд туслах бяцхан зөвлөмжийг хэлж өгье:

Сурч буй хэлнийхээ орчинд нь очиж үзэх

Frame 2085664083.png

Хэдхэн хоног, хэдэн сар ч байсан хамаагүй ганц удаа ч болов сурч байгаа хэлээр тань хэлэлцдэг ард түмний дунд орж үзэхийг санал болгож байна. Орчинд нь байхдаа хүссэн хүсээгүй тухайн хэлээр ярих хэрэгцээтэй тулгардаг. Энэ үед та илүү нүүр хагарч чөлөөтэй ярьж сурах юм. Судалгаагаар хэлийг орчинд нь сурах зорилготой  2–3 сар амьдарсан хүмүүсийн ярианы чадвар 50%-иар өсдөг болохыг тогтоожээ. Үүнээс гадна тухайн улсын соёл, нийгмийн байдал, хүмүүсийн өдөр тутмын амьдралтай танилцаж, цаашид тухайн улсад сурах, ажиллаж амьдрахад хэр тохиромжтой болохыг өөрийн биеэр мэдрэх бодит туршлага болох юм. 

Ичих хэрэггүй

Frame 2085664031 (3).png

Хэл сурахад хамгийн том саад болдог зүйл нь ичих мэдрэмж байдаг гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Ихэнх хүн “алдчих вий”, “буруу хэлчих вий” гэж санаа зовсондоо хойш суух тохиолдол их гардаг шүү дээ. Тиймээс битгий алд гэж хэлэхгүй ээ, эсрэгээрээ алдсан ч болно. Хамгийн чухал нь “алдсан ч яадаг юм”, “сайн байна, дахиад нэг шинэ зүйл сурлаа” гэх эерэг бодлоор өөрийгөө үргэлж дэмжиж урамшуулж байгаарай.

Хүн бүрийн сурах арга барил өөр өөр. Тэгэхээр өөрийн арга барилаа олох нь нэн чухал гэдгийг битгий мартаарай. Тиймээс дээр дурдсан аргуудаас өөрт тохирохыг сонгож хэрэгжүүлж үзээсэй хэмээн энэхүү нийтлэлээ бичлээ. Эцэст нь шинэ хэл танд шинэ ертөнц, шинэ боломжийг нээж өгнө гэдгийг санаж, хэл сурах болсон зорилгоосоо битгий няцаарай.

Холбоотой нийтлэлүүд