Кирилл бичгийн дүрэм үргэлж өөрчлөгдөөд байна уу?
БоловсролХэл соёл
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
2024.06.21
2 минут
Кирилл бичгийн дүрэм үргэлж өөрчлөгдөөд байна уу?

-Сурвалжилга гэж бичих үү, сурвалжлага гэж бичих үү?

-Мэдэхгүй ээ!

-Өө…

Монголчууд бид түүхэндээ арваад бичиг үсэг зохион хэрэглэж ирснээс өнөөдөр монгол бичиг болон кирилл бичгийг бүх нийтээрээ хэрэглэж байгаа билээ. Кирилл үсэг нь IX-X зуунаас хойш өнөөг хүртэл Европын славян угсааны ард түмний дунд, цаашлаад азийн орнуудад хэрэглэгдэж байгаа бөгөөд тухайн үеийн соён гэгээрүүлэгч Кирилл болон Мефодии нар зохиосон аж. 

Кирилл бичгийн дүрэм үргэлж өөрчлөгдөөд байна уу?
Кирилл болон Мефодии нарын хамгийн эртний гэж таамаглагдаж буй зураг

Харин монголчууд кирилл бичгийг 1946 оноос эхлэн бүх нийтээрээ хэрэглэж эхлээд 3-4 жилийн дотор хүн амын 90 хувь нь үсгийн дүрмийг бүрэн эзэмшсэн байна. Тодруулбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн хурлаар 1941 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн шинэ үсгийг хэрэглэх тогтоол батлагдаж, 1946 онд бүх нийтээр хэрэглэж эхэлжээ. Шинэ үсгийг хэрэглэж эхэлсэн даруй төрөл бүрийн гарын авлага болон судлаач эрдэмтдийн гаргаж байсан зөв бичих дүрмийн толиор олон нийтэд бичиг үсгийн мэдлэг олгож байгаад, 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын гаргасан Монгол хэлний үсгийн дүрмийн толийг албан ёсоор баримталж, нийтэд түгээх болсон байна. Өөрөөр хэлбэл, энэ толь бичгийн тусламжтайгаар тухайн үед кирилл бичгийн зөв бичих дүрмийг нэг мөр болгон цэгцэлсэн бөгөөд бид өнөөдөр ч энэ толь бичгийг баримталсаар байна. 

Дүрмийг толь бичиг хэрэглэдэггүй бид өөрсдөө л өөрчлөөд байна!

Кирилл бичгийн дүрэм үргэлж өөрчлөгдөөд байна уу?

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн чуулганаар баталсан “Монгол хэлний тухай хууль”-ийн Дөрөвдүгээр бүлгийн наймдугаар зүйл болох “Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичиг”-ийн тухай хэсэгт:

8.1.Монгол Улсын хэмжээнд кирилл болон үндэсний бичгийн зөв бичих тус тусын нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө гэж заажээ.

Ердөө энэ хуулийн заалтыг л дагаж мөрдөж, хэвшил болгож чадвал нийтлэлийн эхэнд бичсэн бяцхан харилцан яриа шиг эргэлзээ тээнэгэлзээ гарахгүй. Нөгөө талаас, бидэнд энэ хуулийн заалтыг дагаж мөрдөх боломж бололцоо, орчин нөхцөл бүрэн бий. Энэ боломж, нөхцөлийг анзаараад бодитоор биелүүлэхэд л хангалттай мэт.

1983 онд олон нийтийн хүртээл болоод, огт өөрчлөгдөөгүй тэр дүрэм. Энэ дүрмийн оронд хэдүүлээ өөрсдийгөө тавиад, төсөөлөөд үзье. Чи өмнөө тавьсан нэгэн гайхалтай зорилготойгоор амьдардаг. Амьдрахдаа, тэр зорилгодоо хүрэхийн тулд хайр, урам зориг, хичээл зүтгэлээ хэзээ ч өөрчилж байгаагүй. Бүхэл бүтэн 41 жилийн турш огт өөрчлөгдөлгүй, урвалгүй, арилж балралгүй, үнэ цэнээ хадгалж, хичээсээр л байгаа. Гэвч 41 жилийн турш ихэнх хүмүүс чамайг хүлээн зөвшөөрөөгүй, огт чамайг сонирхож ч байгаагүй, бүр эсрэгээрээ чи өөрчлөгдсөн, чи найдваргүй, чи үнэхээр хэцүү, чамайг хүлээн зөвшөөрч чадахгүй, чиний буруу гээд байвал бидэнд ямар байх вэ?

Кирилл бичгийн дүрэм үргэлж өөрчлөгдөөд байна уу?

“Энэ үгийг яаж бичих вэ?... Энэ үгийг ингэж бичнэ гэж заалгасан шүү дээ!... Ингэж бичих биш үү?... Дүрэм өөрчлөгдсөн юм болов уу?... Өө, бас ингэж бичдэг болчихсон юм уу???” эдгээр асуултыг дахин дахин уншиж үзвэл бидний алгассан ердөө ганцхан үйлдэлд шийдэл, утга агуулга нь оршиж байгааг анзаарч болно. “- Би өлсөж байна. - За, тэгвэл хоол идье” гэдэгтэй тун ижилхэн маш энгийн. Хэн нэгэн буруу зөрүү хэлж өгсөн юм биш, ямар нэг дүрэм өөрчлөгдсөн бус, харин толь бичгээс хараагүй байна л гэсэн үг. 

-Би зөв бичиж чадахгүй байна. За, тэгвэл толь бичгээс харъя.

-Энэ хүн буруу бичсэн юм шиг байна. За, тэгвэл толь бичгээс харъя.

-Эгшиг гээх үү, үгүй юу? За, толь бичгээс харъя. Ердөө л энэ. Хэнээс ч

асуухгүй, хэнээс ч лавлах шаардлага байхгүй, эргэлзэх хэрэг гарахгүй. Толь бичигт бүх хариулт байгаа бөгөөд цаашлаад толь бичгийг хэрэглэхэд улам тухтай, боловсронгуй болгож сайжруулах тухай санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хамтдаа хөгжих бүрэн эрх бидэнд бий. Мэдээж хувь хүний иймэрхүү сахилга батаас гадна албан байгууллагын хэмжээнд эх хэлний зүй зохистой хэрэглээг дэмжин толь бичгээс гадна дээрх 1983 оны үсгийн дүрмийг үндэс болгон боловсруулсан төрөл бүрийн алдаа шалгагч программыг ашиглаж, хамт олноороо бичгийн соёлтой байх нь зүй ёсны хэрэг юм.

"Бид чинь мантаажтай" гэдэг шиг монгол хэл чинь толь бичигтэй!

Кирилл бичгийн дүрэм үргэлж өөрчлөгдөөд байна уу?

Дээрх 1983 оны Монгол хэлний үсгийн дүрмийн тольд суурилсан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь 2018 онд хэвлэгдэж, түүний цахим орчинд ашиглах боломжтой хувилбаруудыг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлснээр бидний өдөр тутмын амьдралын алхам бүрд толь бичиг бидний гарт явах болсон. Тодруулбал, Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг цаасан хэлбэрээр ашиглаж болохоос гадна цахим орчинд веб сайт хэлбэрээр, гар утасны аппликэйшн хэлбэрээр ашиглаж болох юм. Эдгээр хэрэглүүрээс зөвхөн эргэлзэж байгаа үгээ хараад зогсохгүй зөв бичих дүрмийг бүхэлд нь уншиж, тухайн үгийг ямар учраас ийн бичиж байгааг ойлгож мэдэх бүрэн боломжтой юм шүү.

Кирилл бичгийн дүрэм үргэлж өөрчлөгдөөд байна уу?