Хүн бусдад өгөхийн тулд өөрөө дүүрэн байх ёстой
Боловсрол
TsoilogsoZ
TsoilogsoZ
2024.03.09
5 минут
Хүн бусдад өгөхийн тулд өөрөө дүүрэн байх ёстой

МУИС-ийг Нийгмийн ажилтны мэргэжлээр 2022 онд төгсөөд ёстой л нөгөө “Сургууль минь баяртай” киноны “Жигжидийн Билэгт” шиг овог, нэрээрээ дуудуулаад тайз руу гарч, энгэрийн тэмдэг, дипломоо гардаж авч байлаа.

Аав, ээж хоёрт “Би хөдөө явж багшиллаа” гэсэн чинь “Чи юу” гээд их гайхсан. Би үеэл дүү нартайгаа их ширүүн харьцдаг эгч л дээ. Тийм болохоор ээж, аав хоёр намайг айлын хүүхдэд ширүүлээд байх вий гэж болгоомжилсон ч, миний шийдвэрийг дэмжсэн. Ингээд л чемоданаа дүүрч, үүргэвчээ үүрээд Дорнод аймгийн Баян-Уул сумыг зорьсон. Цуг төгссөн ангийнхан, үеийнхэн, найзууд ер нь ихэнх нь хотод ажиллаж, эсвэл мэргэжлээ ахиулахаар суралцаж байхад би хөдөө явж байлаа. Бусад хүмүүс юу гэхийг мэдэхгүй ч миний хувьд бол энэ зөв сонголт байсан. Автобуснаас буугаад зүгээ ч мэдэхгүй зогсож байснаа бодоход хоёр жилийн хугацааг үджээ.

Хүн бусдад өгөхийн тулд өөрөө дүүрэн байх ёстой

“Би очоод шинэчлэлт хийнэ, хүүхдүүдийг байнга ширээний ард суулгахгүй, тойруулж суулгаад хичээлээ орно” гэх мэтчилэн их л өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилготой хүн очсон. Эхний өдөр хичээлээ орохдоо “За, хүүхдүүд ээ, сандлаа аваад тойроод суучих, хэдүүлээ танилцъя” гээд. Яг тэгээд суулгачихсан чинь өөрөө сандраад, нурууны хөлс гараад, нөгөө хүүхдүүд маань намайг цаашлуулаад л. Иргэний ёс зүйн хичээлийн тэр хоёр цаг үнэхээр урт байсан, яаж энэ ангиас хурдан гарах вэ л гэж бодсон доо.

Өдөр ирэх тусам орчиндоо дасаж, хүүхдүүдтэй хэрхэн ажиллах учраа олсон. Хүссэн, хүсээгүй, хориглосон хориглоогүй хүүхдүүд гар утас ашиглаж байна. Тэр утгаараа цахим технологи ашиглаад, маш хурдан хугацаанд үр дүн нь гардаг зүйлд дуртай болж. Тиймээс би хичээлээ заахдаа өнгөрсөн жил Mobile Legend тоглоомын цолыг ашигласан. Яах вэ гэхээр хүүхэд хоёр даалгавар гүйцэтгээд нэг цол авна. Тэр цолын төлөө хүүхдүүдийн хичээлээ, даалгавраа хийх идэвх нэмэгдсэн шүү. Харин энэ жил “Саятан” тоглоомыг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл сурагчид хичээлээ хийгээд 20 мянган төгрөг цуглуулна, тэгээд хавар амрахад хэн нь ангийнхаа саятан болохоо үзэж байгаа. Хүүхдүүд таарахаараа “Багш аа, мөнгөө авна шүү” гэнэ. Мэдэхгүй хүн бол багш нь сурагчаасаа мөнгө зээлчихсэн юм байхдаа гэмээр. Би өмнө нь карьераа их өөрөөр төсөөлдөг байсан. Одоо бол хүүхдүүдэд шинэ, содон зүйл хэрэгтэй юм байна гэдгийг харж, үүний төлөө боловсролын салбарт тууштай ажиллах тухай бодож байна.

Нэг сурагчаасаа захиа авсан юм, тэр захианд “Залуу хүн байж амьдралынхаа хоёр жилийг бидэнд зарцуулж байгаад баярлалаа” гэж бичсэн байсан. Би цав цагаан цаасан дээр мөр гаргаж явна. Тэр мөрийг зөв гаргахыг л хичээж байна. 

Хүн бусдад өгөхийн тулд өөрөө дүүрэн байх ёстой

Би арван жилийн сурагч байхдаа ялгаатай байдлыг мэдэрч байсан учраас үүнийг өөрчлөхийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Манай нэг сурагч байсан. Түүний тухай ангийнхан нь ч, бусад багш нар ч энэ угаасаа л хичээлээ хийдэггүй гэх хандлагатай. Би нэг удаа хичээлийнхээ цаг дээр сурагчдад илтгэл тавих даалгавар өгөөд, тэр хүүхдийг албаар самбарын өмнө гаргасан. Тэгтэл тэр маш оновчтой гурван өгүүлбэр хэлсэн. Тэгсэн ангийнхан нь алга ташаад, түүнээс хойш түүнд өөрчлөлт гарсан гэж боддог. Лав миний хичээлийг таслаагүй. Онц сурдаггүй л дээ, гэхдээ хичээдэг болсон. Ер нь хөдөөгийн хүүхдүүд гэнэн, цагаахан. Төв газрын хүүхдүүдийг бодоход жаахан ичимхий, өөрсдийгөө илэрхийлэх чадвар бага. Энэ таалагдаагүй, тэр таалагдсан гэхээс илүүтэй ийм л байдаг, ийм л байх ёстой гэх хандлага ажиглагддаг.

Би сурагчдын дотуур байранд амьдардаг. Тиймээс сурагчидтайгаа илүү ойр. Сургууль дээр бусад хүүхэдтэй өдөрт нэг л мэндэлдэг бол, дотуур байрныхантайгаа өглөөний, өдрийн, оройн гээд гурав мэндэлж байна. Тэгэхээр дотносохоос яах билээ.

Хүн бусдад өгөхийн тулд өөрөө дүүрэн байх ёстой

Боловсролын ялгаатай, тэгш бус байдалд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Миний харж байгаагаар багш, сурагч хоёулаа хичээсэн ч эцэг эхчүүд хандлага, мэдлэгээ дээшлүүлэхгүй бол тэгш, хүртээмжтэй боловсрол олгох боломжгүй санагддаг.  Маш товчхондоо, боловсрол чухал шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Боловсролын ялгаатай байдалд эцэг, эхчүүдийн “Өө уншаад, бичээд сурчихад болно доо” гэх хандлага бас нөлөөлж байна гэж хардаг.

Хоёрдугаарт, сайн боловсрол эзэмшихэд орчин чухал. Өдөр тутамдаа ашигладаг ариун цэврийн өрөөнөөс эхлээд тухтай мэдрэмж өгөхүйц, сургууль руу яарах орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй байгаа юм. Монголд стандартад нийцсэн, таатай орчныг төлбөртэй, хувийн сургууль л бий болгоод байна гэж хардаг. Улсын сургуулиуд ч тэгж тав тухтай, таатай орчныг бүрдүүлж өгч болохгүй юм байх даа.

Хүн бусдад өгөхийн тулд өөрөө дүүрэн байх ёстой

Сумын амьдрал сонирхолтой шүү дээ. Чи урлаг, уран сайхны авьяасгүй төрсөн ч авьяастай болно. “Аяыг таа” тэмцээнд оролцлоо, би зохиолын дууг сайн тааж байна билээ. Суманд төрийн албан хаагчид л жанжин шугамд явж байдаг юм байна. Өнгөрсөн жил их цас ороод нэг удаа суга хөндүүр болтол цас арилгасан. Хавар замын шороо цэвэрлэнэ, мод тарина. Нэгдсэн их цэвэрлэгээ хийгээд, сумын ард иргэд, хүүхэд, төрийн албан хаагчид бүгд хогоо түүдэг. Энэ бол сумыг “донсолгосон” чухал үйл ажиллагаа шүү.

Хөдөөгийн давуу тал нь байгалийн үзэсгэлэнтэй, утаагүй, түгжрэлгүй. Гэхдээ хүн л хойно нийгмийн үйлчилгээ хүртэх хүсэл, сонирхол байна. Гэтэл сумдад үйлчилгээний газар ховор. Жишээ нь, гуталчин, оёдолчин гээд л. Гэхдээ манай сум 20 дэлгүүртэй шүү. Бас харваачдаараа алдартай, улсын мэргэн олон. Тиймээс сургууль дээрээ сур харвааны клубтэй.

Хүн бусдад өгөхийн тулд өөрөө дүүрэн байх ёстой

Хүн бусдад өгөхийн тулд эхлээд өөрөө дүүрэн байх ёстой. Энд хоёр жил багшлах хугацаандаа дутуу зүйл их байгааг, суралцах ёстойгоо ойлгосон. Бас тодорхой хэмжээнд өөрийгөө оллоо гэж хэлнэ. Эргээд харахад, хүүхдүүдэд хүний амьдрал ялгаатай, бас цаг хугацаатай гэдгийг л ойлгуулахыг хичээсэн цаг, хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд өөрийн чадахаар л хөдөлмөрлөлөө. Автобуснаас буугаад зүгээ мэдэхгүй зогсож байснаа эс тооцвол, цалин авч үзлээ, ажил хийж, хамт олонтой боллоо. Энэ газар нутгийг сонгож ирж, ажилласандаа үргэлж баяртай байх болно.  

Нэг сурагчаасаа захиа авсан юм, тэр захианд “Залуу хүн байж амьдралынхаа хоёр жилийг бидэнд зарцуулж байгаад баярлалаа” гэж бичсэн байсан. Би цав цагаан цаасан дээр мөр гаргаж явна. Тэр мөрийг зөв гаргахыг л хичээж байна. 

Гэрэл зургийг: Л.Буд