Э.Өсөхбаяр: Боломж хамгийн сонирхолтой газар нуугдаж байдаг


Мэдээлэл технологийн эрин зуунд технологийн ур чадвар гэдэг боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах төдийгүй улс орны хөгжилд шууд нөлөөлөх чухал хүчин зүйл болоод байна. Дэлхий даяар хиймэл оюун ухаан, дижитал шийдлүүдийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, салбар бүрд шинэчлэл өрнөж буй энэ үед Монгол Улс ч мөн адил дижитал шилжилтийн замаар урагшлахыг зорьж, боловсрол, үйлдвэрлэл, төрийн үйлчилгээ зэрэг олон чиглэлд технологид суурилсан шийдлийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Харин энэ томоохон өөрчлөлтийн гол цөм нь боловсролын салбарын цахим шилжилт юм. Иймд бид технологийн дэвшилтэд тулгуурлан шинэчлэлт хийж, тэр дундаа боловсролын салбарын цахим шилжилтэд гар бие оролцож яваа Google компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Э.Өсөхбаярыг “БИДНИЙ НЭГ” буландаа онцолж байна.
“Шинжлэх ухаан, технологид дурлахад минь хоёр зүйл нөлөөлсөн байх” хэмээн ярилцлагаа эхлүүлсэн түүний дурсамж сониуч хүүгийн дүрээр сэтгэлд тод бууж байлаа. Хүүхэд ахуйдаа автомашинаа угсарч, задалж, засварлах өвөөгөөрөө анхны “инженерийн хичээлээ” заалгаж, багажийн хайрцаг, эрэг шураг барьж гүйдэг тэр л үеэс техник, тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллагаа түүнд сонирхолтой санагдаж эхэлжээ. Удалгүй Нийслэлийн ЕБ-ын Нэгдүгээр сургуулийн тооны ангид элсэн орсноор математик, физикийн сэтгэлгээ, асуудалд логик сэтгэлгээгээр хандах чадвар нь хөгжсөнөөр технологи, инженерийн салбарт улам их татагдах болжээ.
“Тухайн үеийн жолоочдын нэгэн адилаар өвөө минь автомашиныхаа эд ангиудыг өөрөө задалж, угсардаг байлаа. Багадаа өвөөгөө их дагаж явдаг байсан болохоор машин, тоног төхөөрөмжтэй их ойр өссөн. Харин тооны ангид орсноор шинжлэх ухаанд дуртай найзуудтай болсон минь тэр дундаа Баяржавхлан, Энхтөр гэж физик, математикдаа гавал хоёр найзаасаа шинжлэх ухааны гоё сайхныг ойлгож авсан нь мэргэжил сонголтод минь нөлөөлсөн гэж боддог юм. Найзуудынхаа ачаар асуудлыг шийдвэрлэх аналитик ур чадвараа хөгжүүлэн, Их сургуульд технологи, инженерийн чиглэлээр суралцах шийдвэр гаргаж байлаа.”
Монгол, Америкийн боловсролын системийн ялгаа
Эх орондоо суурь боловсрол эзэмшсэн түүний хувьд АНУ-ын боловсролын тогтолцоо гэдэг цоо шинэ зүйл байв. Технологийн мэдлэг, ур чадварт тулгуурлан хичээлээ багаар гүйцэтгэх, асуух зүйлээ чөлөөтэй илэрхийлж, багшаас зөвлөгөө авах зэрэг суралцахад ээлтэй, уян хатан арги барил түүнийг угтжээ. Америкт суралцах анхны туршлага түүнд боловсролын системийн ялгааг биеэр мэдрүүлэхээс гадна шинэ сэтгэлгээ, шинэ чадварыг шаардсан өөр орчныг нээж өгсөн гэдгийг тэрбээр хуваалцсан юм.
“Америкт очоод хоёр зүйлийг их гайхаж байлаа. Нэгдүгээрт, багаар их ажиллуулдаг. Анх бодлогоо бодож дуусаад “Багшаа би дуусчихлаа” гээд гараа өргөхөд багш “Чи яагаад гараа өргөөд байгаа юм бэ? Багийнхантайгаа ажиллаарай” гэхэд их хүнд цохилт болсныг тод санадаг юм. Түрүүлж бодлогоо бодсон нь самбар дээр хариугаа бичдэг өрсөлдөөн дунд өссөн надад энэ мэт зүйлс их сонирхолтой санагдаж байлаа шүү дээ. Хоёрдугаарт, багаар ажиллахдаа технологийг идэвхтэй ашигладаг. Бүгд Google Docs нээгээд зэрэг ажиллаад явдаг юм билээ. Гэтэл би Google Docs яаж ажилладгийг ч мэдэхгүй, яах учраа олохгүй шоконд орж байсан юм. Тиймээс дунд сургуульд байхаасаа л технологитой харилцаж сурна гэдэг ямар чухал болохыг тэнд очоод л ойлгосон.”
Боловсролын “хөтөч” болох эхлэл
АНУ-ын Мичиган Их сургуульд инженерийн мэргэжил эзэмшихээр суралцаж эхэлсэн шинэхэн оюутан ахин мэргэжил сонголттой нүүр тулжээ. Учир нь инженерийн салбар арав гаруй чиглэлээр мэргэшдэг тул аль чиглэлийг сонгох, тухайн чиглэлийн мэргэжилтнүүд ажлын байранд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар гүнзгий ойлголттой болох шаардлага гарсан байна. Ийнхүү тэрбээр зөвхөн өөртөө төдийгүй үе тэнгийнхэндээ ч мэдээлэлтэй шийдвэр гаргахад нь туслах зорилгоор “Хөтөч” төслийг санаачлан хэрэгжүүлж, инженерийн чиглэлүүдийн онцлог, ажлын байрны шаардлага зэрэг агуулгыг судалж эхэлжээ.
“Анх механик инженер болно гэж боддог байсан ч мэргэжлээ сонгохдоо их эргэлзсэн. Ер нь тухайн мэргэжилтэн яг ямар ур чадваруудыг эзэмшдэг, төгсөөд ямар ажил эрхэлдэг талаарх ойлголт маань тодорхой биш байсан. Тэгээд энэ асуудал зөвхөн надад ч биш, надтай ижил нөхцөлтэй олон оюутанд тулгарч байгаа юм байна гэдгийг анзаарч “Хөтөч” төслөө найзуудтайгаа хамт эхлүүлсэн юм. Төслийн хүрээнд инженерийн арван өөр чиглэлийн талаар судалж, профессор, докторант, ажил олгогч гээд 32 экспертийн туршлагаас суралцсан цуврал контент бэлтгэж байлаа. Өөр өөр өнцгөөс туршлага, зөвлөгөөг хуваалцсан хүмүүсийн яриа надад маш их нөлөөлсөн. Тэр дундаа би механик инженер болон үйлдвэрлэлийн инженер гэх хоёр мэргэжлийн хооронд эргэлзэж байсан юм. Монголчууд түүхий эдээ экспортлоод, бэлэн бүтээгдэхүүн өндөр үнээр авдаг шүү дээ. Үүнийг өөрчлөхийн тулд үйлдвэрлэл хөгжих ёстой гэж бодон үйлдвэрлэлийн инженер чиглэлээр суралцахын сацуу компьютерын хичээлүүддээ сонирхолтой байсан учраас үйлдвэрлэлийг хэрхэн цахимжуулах, технологи ашиглан дараагийн түвшинд хүргэх талаар суралцаж төгссөн.”
Боломж үргэлж нуугдаж байдаг буюу Google компанийн албан ёсны төлөөлөгч болсон нь
Ийнхүү тэрбээр ажлын гараагаа дэлхийн хамгийн том мотор үйлдвэрлэгч Cummins компаниас эхэлжээ. Дэлхийн 190 оронд салбартай тус компанийн Англи, Герман, Мексик, Хятадын Ухань, Энэтхэгийн Пүнэ хот дахь үйлдвэрүүдийг хариуцан, технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагааны үр дүнг сайжруулах чиглэлээр ажиллаж байв. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас эх орондоо эргэн ирэх шийдвэр гаргажээ.
“Монголдоо ирээд цахим шилжилтийн төслүүд дээр зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж эхэлсэн. Технологийн чиглэлд ажиллахын хажуугаар зорилго нэгт нөхөдтэйгээ нийлж “Teach for Mongolia” ТББ-ыг үүсгэн байгуулж боловсролын салбарын хамгийн том асуудлуудын нэг багшийн дутагдалыг шийдэхэд бага ч гэсэн үр дүн үзүүлэхээр ажиллаж эхэлсэн. Өдий хүртэл 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Тун удалгүй Монгол Улс Google компанитай, тэр дундаа боловсролын салбарт Google for Education-тэй хамтран ажиллах тухай яригдаж эхэлсэн. Харин азтай ч гэх үү тохиолдлоор ICT экспод оролцож яваад Google компанийн төлөөллүүдтэй танилцаж, яриа өрнүүлсний дүнд багш нарын сургалтыг хариуцах санал авсан нь анхны хамтын ажиллагаа байлаа.
Цаашлаад компанийн үйл ажиллагаа тэлж, Монголд албан ёсны төлөөлөгчтэй болох талаар яригдаж эхлэхэд хэд хэдэн хүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд тэдний нэг нь би байлаа. Олон улсын компаниуд ажилд авахдаа маш сайн шалгадгийн жишгээр Google компанийн гурван шатны ярилцлагыг давж, Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр сонгогдсон юм. Миний хувьд зүгээр л экспод оролцож яваад Google компанитай холбогдсон болохоор боломж гэдэг зүйл их сонирхолтой газар нуугдаж байдаг юм билээ.”
Боловсролын “инженер”
Инженер хүний суурь сэтгэлгээ нь аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд чиглэдэг. Энэ зарчим, эзэмшсэн боловсрол нь түүнийг боловсролын салбар руу хөтөлжээ. Үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй ч тэрбээр өнөөдөр боловсролын салбарын цахим шилжилтэд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.
“Бид бүгд л боловсролын системийн бүтээгдэхүүн. Цэцэрлэгээс эхлээд шат шатны боловсролоор дамжин төлөвшдөг шүү дээ. Миний хувьд мэргэжил сонголтоо зөв хийхийн тулд хоёр жил гаруйн хугацаанд “Хөтөч” төслөө хэрэгжүүлж, энэ салбарт улам татагдаж эхэлсэн. Энд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна гэдгийг мэдэрсэн болохоор ч тэр үү, “энэ асуудлыг ингээд шийдчих юм сан” гээд л боловсролд үнэхээр хайртай гэдгээ ойлгосон юм.
Би дундаж гэр бүлээс гаралтай, Сэлэнгэ аймагт төрсөн, Хөвсгөл аймагт өсcөн, улсын сургуульд сурсан энгийн л хүүхэд. Харин бүх зүйлсээ сайтар төлөвлөж, дээд үеийн ах, эгч нараас сайн зөвлөгөө авч, найз нөхдөөрөө хурцлагдаж англи хэл муу байсан ч TOEFL шалгалтыг 5 удаа өгч, SAT шалгалтыг 4 удаа өгч тавьсан зорилгынхоо араас бууж өгөлгүй хичээсний үр дүнд маш сайн боловсрол эзэмшсэн. Тэр боловсролынхоо ачаар таван орны 30 гаруй үйлдвэрт ажиллаж үзлээ шүү дээ. Шинэ төсөлд ажиллах болгондоо нүд нээгддэг. Боловсрол гэдэг ийм хүчтэй, хүнд маш гоё боломжуудыг олгодог юм байна. Тэгвэл эдгээр боломжийг боловсролын системээр дамжуулан бусад хүүхдэд ч бас хүртээмжтэй болгохын тулд боловсролын салбарт ажиллаж байна. Профессор маань инженер гэдэг бол асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой гарцыг олох аргачлал гэж байнга хэлдэг байсан. Аль ч салбарт асуудал бий. Харин тэр асуудлыг зөв өнцгөөс харах, системтэйгээр задлан шинжлэхэд инженерийн сэтгэлгээ их хэрэг болдог. Боловсролын салбарт ч мөн ялгаагүй бодлогын түвшнээс хэрэгжилт хүртэлх шат бүрд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эзэмшсэн мэргэжил минь чухал үүрэг гүйцэтгэж байна.”
“Би технологид дуртай, боловсролд чин сэтгэлээсээ хайртай. Мөн асуудлыг шийдэхэд урам авдаг инженерийн сэтгэлгээтэй. Харин одоо хийж буй ажил маань энэ гурван зүйлийн огтлолцол учраас би ажилдаа хайртай.”
Цахим үндэстэнд хөтлөх боловсролын цахим шилжилт
2025 оны долоодугаар сарын байдлаар дэлхий даяар 5.65 тэрбум интернэт хэрэглэгч байгаа нь дэлхийн хүн амын 68.7 хувийг эзэлж байна. Цахим орчныг ийнхүү өргөн хүрээнд ашиглаж буй нь технологид суурилсан шинэ боломжуудыг нээж, бүтээмжийг нэмэгдүүлэх хүчтэй хөшүүрэг болж байна.
“Цахим шилжилт бол бүтээмжийг нэмэгдүүлэх хүчтэй хөшүүрэг. Жишээлбэл, Google-ийн хөгжүүлсэн Gemini хиймэл оюун ухааныг багш нар өдөр тутмын ажилдаа бүрэн ашиглавал долоо хоногт дунджаар 10 цаг хэмнэх боломжтой гэх судалгаа Ирланд улсын багш нарын дунд хийгдсэн. Түүнчлэн, Боловсролын хүрээлэнгийн 2022 оны судалгаагаар монгол багш нар өөрийгөө хөгжүүлэх цагийн 73 хувийг дүн засах, хөтөлбөр боловсруулах, тайлан бичих зэрэгт зарцуулж, үлдсэн 27 хувийг багшийн ур чадвараа дээшлүүлэх, хүүхдүүдтэйгээ ажиллахад зориулсан гэх үр дүн гарсан. Эдгээр ачааллыг хиймэл оюун ухаанаар хөнгөвчилж, багш нар хүүхэдтэй ажиллах, өөрийгөө хөгжүүлэхэд илүү их цаг гаргах боломжтой. Багш бол хүүхдийн хүсэл мөрөөдлийн хамгийн том гүүр шүү дээ. Хэрэв би арван жилдээ багш нартайгаа илүү ярилцаж, “Та энэ бодлогыг өөр ямар аргаар бодох вэ? Анх үүнийг хэрхэн сурч байсан бэ?” гэх мэт асуулт асууж, туршлагаас нь түлхүү суралцсан бол илүү үр дүнтэй байсан болов уу гэж боддог юм.”
Хүүхэд бүрийн мөрөөдөлд гүүр болох нь
Монгол Улсын боловсролын салбарт өнөөдөр 4,000–5,000 багшийн хомсдолтой байгаа нь хүүхэд бүрд тэгш, чанартай боловсрол хүртээхэд томоохон сорилт болж байна. “Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэгэн сурагч биологийн инженер болохыг мөрөөддөг ч тэнд биологийн сонгон хичээл заах багш байхгүй байна. Ийм шалтгаанаар тухайн хүүхдийн хүсэл мөрөөдлийг үгүй хийж болохгүй шүү дээ. Тиймээс сурагчид интернэттэй, компьютертой, үзэх чанартай контенттой байвал тухайн агуулгаа гүнзгийрүүлэн судалж, хүссэн мэргэжлээ эзэмших боломжтой. Энэ асуудлыг шийдэхээр Ази тивдээ хамгийн том цахим сургууль болох Мэдлэ сургууль Google-тэй хамтран ажиллаж байна” гэдгийг тэрбээр онцолж байлаа.
“Google for Education” хөтөлбөр нь дэлхийн улс орнуудын Боловсролын яамдтай хамтран ажиллаж, боловсролын системийн бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх шатанд дэмжлэг үзүүлдэг. Олон улсад боловсролын цахим шилжилт гэдэгт үндсэн дөрвөн ойлголтыг хамруулж үздэг. Юуны өмнө хүүхэд бүр интернэт холболттой, хувийн компьютертэй байх ёстой. Энэ хоёр бол цахим сургалтын үндсэн суурь. Дээрх хэрэгцээ хангагдсаны дараа суралцах контент нь бэлэн байх, тухайн контент байрших платформ байх ёстой.
Энэ хүрээнд Google компани Samsung, Acer зэрэг байгууллагуудтай хамтран Chrome үйлдлийн системд суурилсан “Chromebook” хэмээх боловсролын зориулалттай компьютерийг хөгжүүлэн, нэвтрүүлж байна. Манай улсын ерөнхий боловсролын салбарт өнөөдөр 20 хүүхэд дундаа нэг компьютер ашиглаж байна гэсэн тооцоолол Боловсролын Ерөнхий Газар гаргасан.. Иймээс багш, сурагч бүрийг хувийн компьютертой, технологийн ур чадвартай болгох, хичээл заах, сурахад хялбар, үр дүнтэй орчинг бүрдүүлэх үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байна.
Ажлын байранд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх “Grow with Google” хөтөлбөр
Google компани боловсролын салбар дахь цахим шилжилтийг дэмжихээс гадна хөдөлмөрийн зах зээлд гарах гэж буй залуус, шинэ ур чадвар эзэмшихийг хүссэн хэн бүхнийг дэмжсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Тус хөтөлбөрийн нэг бол “Grow with Google”.
“Grow with Google” хөтөлбөр мэдээллийн технологи, цахим аюулгүй байдал, дижитал маркетинг ба цахим худалдаа, дата шинжилгээ, төслийн удирдлага, UX дизайн зэрэг өнөө цагийн хамгийн эрэлттэй чиглэлүүдээр 3–6 сарын хугацаанд хэрэгждэг тус хөтөлбөр 2024 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн 2024 оны элсэлтэд 2,292 хүн материалаа илгээснээс 350 хүнийг шалгаруулан 303 хүн амжилттай суралцан, төгсжээ. 2025 онд энэхүү хөтөлбөр дахин хэрэгжиж, ийнхүү нийт 700 хүн төгслөө.
Оюутан байх үеэс л Google компани маш өндөр шалгууртай, түүнийхээ хэрээр боловсон хүчин, хүний нөөцөө хамгийн сайн хөгжүүлдэг компани гэж яригддаг байсан юм. Харин “Grow with Google” бол Google компани дотоодын боловсон хүчнээ хөгжүүлдэг, хүний нөөцийн нөү-хаугаа (know-how) хуваалцсан хөтөлбөрүүдийг нэвтрүүлж, Google career certificate олгодог төлбөртэй хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрийг Монголд анх удаа тэтгэлэгтэйгээр нэвтрүүлэхдээ бид нийгмийн бүхий л төлөөллийг хамруулахыг зорьсон. Үүний үр дүнд Суданд энхийг сахиулагч албан хаагч, Дорнод аймгаас долоо хоног бүр хичээлдээ суухаар зорин ирдэг малчин ах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, сурагчид гээд нийгмийн олон төлөөллийг хамруулж чадсан.
Аливааг бүтэн зургаар нь харах нь
Түүнчлэн технологид суурилсан байгууллагын удирдлагуудад зориулсан “Google AI Leaders Fellowship” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь хиймэл оюун ухааны эрин зуунд үйл ажиллагаа явуулж буй компаниудад зориулан хиймэл оюун ухааныг бүтээгдэхүүн болон үйлчилгээндээ хэрхэн нэвтрүүлэх, ямар алхмуудыг хэрэгжүүлэх ёстой талаар байгууллагын удирдлагуудад зориулсан хөтөлбөр бөгөөд 22 байгууллагад одоогийн байдлаар нэг сая долларын Google cloud эрх олгон хамтран ажиллаж байна.
“Төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явахад хүмүүс маш гоёор хүлээж авдаг. Сая Булган, Эрдэнэт, Орхон, Дархан, Баянхонгор гээд хөдөө орон нутгаар Google-ийн хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглаж, сургалтын үр дүн, чанарыг нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр багш нартай уулзсан юм. Тэр үед багш нар маань харчхаад “Өө, энэ чинь их амархан юм байна. Сурагчдад маань ч таалагдах байх. Хичээлээ заахад хүртэл амар болох юм байна” зэрэг урмын үг сонсох маш гоё байсан. Мөн “Grow with Google” хөтөлбөрт хамрагдсан 60 гаруй насны эгч “Ийм төрлийн хөтөлбөр зөндөө зарлагддаг ч би өөрийгөө тэнцэхгүй байх гэж боддог байсан юм. Шалгаруулалтад тэнцээд, хөтөлбөртөө хамрагдан маш их зүйлс сурсандаа баяртай байна” гээд сэтгэгдлээ хуваалцсан юм. Би багаасаа л боловсролд хайртай хүүхэд байсан учраас хийж буй ажил маань бодит үр дүн гаргахыг харах таатай байдаг даа.”
Олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүч сорьж, мэдлэг туршлага, боловсролынхоо үр шимээр монгол хүний оюунд хөрөнгө оруулалт хийж байгаа залуу үеийн төлөөллүүдээрээ бид бахархаж, амжилт ололтоос нь суралцах хэрэгтэй билээ. Энэхүү ярилцлагынхаа төгсгөлд технологит дуртай, үйлдвэрлэл, технологийн салбарт ажиллаж буй хийж бүтээх чин хүсэлтэй залуустаа зориулан технологийн бүтээгдэхүүн хөгжүүлэхэд юун дээр анхаарах хэрэгтэй талаар өөрийн бодлоо бидэнтэй хуваалцлаа.
“Технологийн салбарт ажиллаж буй залуус эхлээд тухайн бүтээгдэхүүнийг яагаад хөгжүүлж байгаа вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Дараа нь тухайн бүтээгдэхүүнийг худалдан авснаар хэрэглэгчийн ямар асуудлыг шийдвэрлэж, танд ямар нэмэлт үр дүн авчрах вэ гэдгийг тайлбарлаж чаддаг, аливааг бүтэн зургаар нь харах чухал” гэдгийг тэрбээр онцолсон юм.
Мөрөөдөл, боломжийн огтлолцолд гүүр болж, хүүхэд бүрийг ирээдүй рүү нь хөтлөх замыг нээж яваа нэгэн бол Google компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Э.Өсөхбаяр юм. Боловсролыг тэгш, хүртээмжтэй болгох, хүүхэд бүрд хүсэл мөрөөдлөөрөө амьдрах, сонгосон мэргэжлээрээ суралцах боломжийг бий болгохын төлөө тууштай зүтгэсээр яваа тэрбээр энэ удаа бидний нэг боллоо. Нийтлэлийг уншиж мөн бидний нэг болсон уншигч танд талархъя.