Ч.Баярмаа: Хүн төрөлхтөн бид дэлхий дээрх 8.7 сая зүйлийн ердөө л нэг нь
Байгаль орчин
Д.Наранцэцэг
Д.Наранцэцэг
2024.05.13
3 минут
Ч.Баярмаа: Хүн төрөлхтөн бид дэлхий дээрх 8.7 сая зүйлийн ердөө л нэг нь

Дэлхий дээр хүн төрөлхтөн бидэнтэй цуг 8 сая гаруй зүйлийн амьд организм амьдардаг. Эдгээр төрөл зүйлийн амьдрах орчин бие биетэйгээ харилцан хамааралтай байдаг тухай бид тэр бүр сайн мэддэггүй. Энэ талаар уншигч залуустаа мэдлэг түгээх үүднээс биологич Ч.Баярмаатай ярилцлаа. Тэрбээр Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газарт биологичоор ажиллаж, Монголд төдийгүй дэлхийд нэн ховордсон төрөл зүйлийн амьтдыг хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулж яваа залуу үеийн төлөөлөл юм.

- Юун түрүүнд уншигч залууст маань “Биологийн олон янз байдал” гэдэг ойлголтын тухай тайлбарлаж өгөхгүй юу?

- Биологийн олон янз байдал гэдэг ойлголтыг энгийн ойлгомжтойгоор тайлбарлавал дэлхий дээрх олон янз амьдралын баялаг цуглуулга, олон сая ургамал, амьтан, бичил биетэн, мөн тэдгээрт агуулагдаж байгаа генийн олон янз байдлыг хэлэх бөгөөд эд бүгдийн харилцан шүтэлцээгээр жинхэнэ амьд байгаль болох экосистем бүрэлддэг юм. Судлаачид биологийн олон янз байдлыг гурван түвшинд хувааж үздэг. Нэгдүгээр түвшинд генийн олон янз байдал орно. Энэ нь нэг зүйлийн доторх генетикийн олон янз байдлыг илэрхийлж байгаа нэршил. Тухайлбал, үсний өнгө, арьсны өнгө зэргийг нөхцөлдүүлж буй генийн олон янз байдлыг хэлж байгаа юм. Хоёр дахь түвшин бол зүйлийн олон янз байдал. Энэ нь биосфер юм уу, экосистем дэх зүйлүүдийн олон янз хэлбэр юм. Тухайлбал, хүн, бор шувуу, улиас, аалз гэх мэт ялгаатай зүйлүүдийг тодорхойлж байгаа хэрэг. Гурав дахь түвшин бол экосистемийн олон янз байдал. Энэ нь цөл, хээр, ой, өндөр уул, тайга гэх мэтчилэн ялгаатай экосистемүүдийн олон янз байдлыг илэрхийлж байгаа ойлголт юм. 

- Тэгвэл экосистем бүрэлдэж, эрүүлээр оршин тогтноход энэ нь ямар нөлөөтэй юм бол?

- Байгаль дээр байгаа амьд организмууд бие биеээсээ хамааралтай оршин тогтнодог. Хүн хоол хүнс, хувцас зэрэг олон төрлийн хэрэгцээгээ байгалиас нөхнө. Яг үүн шиг бусад биологийн төрөл зүйлүүд ч гэсэн бие биеэсээ хамааралтай байдаг. Жишээ нь, халуун орны цэцэг, соно бялзуухай, цэцэг дамжин амьдардаг аалзны экологи ба зүйл хоорондын харилцаа маш цогц шинжтэй. Жижиг аалзнууд цэцгээс цэцэг дамжихын тулд соно бялзуухайг тээврийн хэрэгсэл болгон ашигладаг. Хэрвээ соно бялзуухай байхгүй бол тэр аалз байхгүй гэсэн үг. Монголын говьд амьдардаг хулангийн гаргасан татаал уснаас говийн бусад зүйлүүд ундаалдаг. Хэрвээ хулан байхгүй бол говийн экосистем тогтворгүй болно гэсэн үг. Энэ мэт бие биеэсээ хамааралтай оршдог нарийн нийлмэл зүйлүүдийн хувьд нэг зүйлийн мөхөл нөгөө зүйлийг ч бас мөхөлд хүргэх боломжтой гэсэн үг. Энэ утгаараа олон янз байх тусмаа экосистем өндөр бүтээмжтэй, тогтвортой, сүйтгэлд тэсвэртэй байна. 

- Хүн төрөлхтний үйл ажиллагаанаас үүдээд биологийн олон янз байдал, экосистемд аюул учирч буй бодит жишээнээс дурдахгүй юу?

“Зэрлэг амьтдад ээлтэй гарц, гарам байгуулж, уул уурхай, дэд бүтцээс шалтгаалсан сөрөг нөлөөг бууруулах нь маш чухал”

- Хүнээс үүдэлтэй төрөл бүрийн үйл ажиллагаа нь орон нутаг, бүсийн болон дэлхийн түвшний биологийн олон янз байдалд аюул занал учруулдаг. Глобал түвшинд уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхий дулаарч байна, агаар мандалд агуулагдаж байгаа нүүрстөрөгчийн концентраци нэмэгдэж байна гэх мэтчилэн хүн бүр энэ талаар тодорхой хэмжээгээр мэддэг болчихсон танил сэдэв шүү дээ. Тэгвэл Монгол орны хувьд биологийн олон янз байдалд сөрөг нөлөө үзүүлж буй томоохон цөөн жишээг дурдъя. 

Амьдрах орчны алдагдал. Энэ нь биосфер даяар биологийн олон янз байдалд үзүүлэх хамгийн том аюул заналуудын нэг. Монгол орны хувьд бол уул уурхай, дэд бүтэцтэй холбоотой томоохон жишээг харж болно. Тухайлбал, холын зайд шилжилт хөдөлгөөн хийдэг хэрмэл зүйлүүд болох хулан, цагаан зээр, хар сүүлт зэрэг амьтдын амьдрах орчин уул уурхай, төмөр зам, авто зам зэргээс шалгаалаад алдагдаж, хуваагдалд орж байна. Монгол орон эдгээр зүйл амьтдын дэлхийн цөм популяцийг тэтгэдэг. Хэдийгээр уул уурхай, дэд бүтэц Монгол орны эдийн засгийн чухал хэсгийг бүрдүүлдэг ч гэсэн бид түүнийг хэрхэн байгаль, зэрлэг амьтдад ээлтэй байлгах тухай байнга бодолцож үзэх хэрэгтэй. Наад зах нь зэрлэг амьтдад ээлтэй гарц, гарам байгуулж, уул уурхай, дэд бүтцээс шалтгаалсан сөрөг нөлөөг бууруулах нь маш чухал.

Дараагийн том жишээ бол хэт ашиглалт. Үүнийг бид малын хэт бэлчээрлэлтээс харж болно. Энэ бол Монгол орны биологийн олон янз байдалд үзүүлж буй хамгийн том сөрөг нөлөөнүүдийг нэг. Хэт их мал бэлчсэнээр ургамлын бүлгэмдлийн бүтэц, зохион байгуулалт алдагдах, бүтээмж буурах сөрөг талтай. Энэ нь ургамлаас хамааралтай амьдардаг биологийн бусад төрөл зүйлүүдийн амьдрах орчин, идэш тэжээл хомсдох шалтгаан болж байгаа юм. Тухайлбал, зун хөдөө явах үед сүрэг адуу усан дотор сэрүүцэхээр зогсож байдаг. Гэтэл биологийн олон янз байдлыг хамгаалах талаас нь үзвэл усан дотор зогссон адуу шээх, баах үед усан орчны экосистем дэх химийн үзүүлэлтийг өөрчилж, бохирдуулдаг. Бас тэдний хөлөөр хурдас (усан орчин дахь хөрсийг илэрхийлж байгаа нэр томъёо) өөрчлөгдөж, тэнд байгаа бичил амьдрах орчин эвдэгдэж байна гэсэн үг. Хэдийгээр усан дотор сэрүүцэж зогсож байгаа боловч тухайн  биологийн олон янз байдал, тэдгээрийн амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж байдаг.

“Хүн төрөлхтөн бид энэ дэлхий дээр амьдарч байгаа 8.7 сая зүйлийн ердөө нэг зүйл нь”

- Эх дэлхийдээ эзэн нь бай гэх мэтчилэн энэ гараг зөвхөн биднийх юм шиг аашлах хандлага хүмүүс дунд байдаг. Та энэ байдлыг биологийн чиглэлээр ажилладаг хүний хувьд юу гэж хардаг вэ?

- Эх дэлхийдээ эзэн нь болж байна гээд бусад зүйлүүдийн амьдрах эрхийг хязгаарлаж болохгүй л дээ. Тухайлбал, дэлхий дээр нийтдээ 8.7 сая орчим амьд организм байдаг гэж судлаачид тооцоолсон. Гэвч эдгээрээс ердөө 1.2 сая орчмыг нь тодорхойлсон бөгөөд тэдний ихэнх нь шавж юм. Харин хүн төрөлхтөн бид энэ дэлхий дээр амьдарч байгаа 8.7 сая зүйлийн ердөө нэг зүйл нь. Монгол бөхөн, цоохор ирвэс, борцгор хотон шувуу, аалз, шавж, ургамал гэх мэт эдэнтэй адил ердөө нэг зүйл. Тухайлбал, монгол бөхөн мөстлөгийн үеэс өнөөдрийг хүртэл энэ дэлхий дээр амьдарч буй асар эртний гарал үүсэлтэй амьтан. “Correadrassus boldgivi” гэх аалзыг өнгөрсөн жил л энэ дэлхий дээр байдаг юм байна гэдгийг Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн судлаач олж тодорхойлсон. Энэ аалз ч бидэнтэй адил энэ дэлхий дээр амьдарч буй нэг зүйлийн төлөөлөл. Гэтэл ганцхан хүн буюу “Homo sapiens” гэх зүйлийн зүгээс бусад зүйлүүддээ үзүүлж буй сөрөг нөлөө хэмжээлшгүй их болчхоод байна. 

- Бид байгаль орчин, амьтан ургамлаа хамгаалах ёстой гэхээр хамгийн түрүүнд устаж үгүй болох аюулд байгаа зүйлсийг л боддог шүү дээ. Жишээ нь, мазаалай байна. Судлаач хүний зүгээс харахад бид зөвхөн устах аюулд байгаа төрөл зүйлсээ хамгаалж байгаа нь хэр зөв бэ?

“Цоохор ирвэсийг хамгаалснаар түүний шүхэр доор өндөр уулын экосистемийг хамгаалах боломжтой”

- Олон хүн яагаад бөхөн, ирвэсийг заавал хамгаалах хэрэгтэй юм бэ гэж их асуудаг л даа. Яг мазаалайтай адил. Мэдээж ховордож байгаа гэдэг утгаараа өөрөөр хэлбэл, галын шугамд илүү ойрхон байгаа зүйлээ үр дүнтэй хамгаалахыг хичээх нь ойлгомжтой. Мөн судлаачид, байгаль хамгааллын биологичид хөрөнгө мөнгө, санхүү, хүн хүч гээд олон зүйлээс шалтгаалаад дэлхий дээр байгаа бүх төрөл, зүйлүүдийг бүгдийг нь судалж, хамгаалах боломжгүй шүү дээ. Тиймээс бүгдийг нь биш чухлыг нь үр дүнтэй хамгаалах гээд хичээж байгаа хэрэг л дээ. Үүний нэг жишээ бол цоохор ирвэс. Цоохор ирвэсийг үр дүнтэй хамгаалснаар түүнтэй цуг нэг ууланд амьдарч байгаа аргаль, янгир, тарвага зэргийг бас хамгаалж чадна гэсэн үг. Энэ нь цоохор ирвэсийг хамгаалснаар түүний шүхэр доор байгаа өндөр уулын экосистемийг хамгаалах боломжтой болж байгаа юм. 

- Биологийн олон янз байдал алдагдах нь эргээд хүн төрөлхтний амьдралд хэрхэн нөлөөлөх тухай энгийнээр тайлбарлавал?

- Бид биологийн олон янз байдал алдагдахад яагаад санаа зовох хэрэгтэй вэ гэдэг тухай ярья л даа. Нэг шалтгаан бол байгаль болон амьд бүхэнтэй холбоотой гэх бидний мэдрэмж буюу Харвардын биологич Э.О.Уилсоны нэрлэсэн биофил юм. Бусад зүйл ч амьдрах эрхтэй гэх итгэл үнэмшил. Энэ бол олон шашны хувьд зонхилох үзэл бөгөөд бид биологийн олон янз байдлыг хамгаалах хэрэгтэй гэх ёс суртахууны үндэс. Үүнээс гадна бид ирээдүйн хүн төрөлхтөнд санаа тавих хэрэгтэй. Бид байгалийг өвөг дээдсээс минь өвлүүлсэн бэлэг гэхээсээ илүү үр хүүхдүүдээсээ зээлсэн зээл гэж харах хэрэгтэй.

Ч.Баярмаа: Хүн төрөлхтөн бид дэлхий дээрх 8.7 сая зүйлийн ердөө л нэг нь

Ховордсон олон зүйл хүний хэрэгцээний эм, хүнс, хувцас хунар хийх түүхий эд болох боломжтой учир биологийн олон янз байдал бол байгалийн чухал нөөц. Аспиринаас эхлээд антибиотик хүртэлх бүтээгдэхүүнийг анх байгалийн эх үүсвэрээс л гаргаж авсан. Энэ мэт зүйл тус бүрийн зүгээс хүн төрөлхтөнд үзүүлж буй ашиг тус нэлээд өндөр. Гэвч зүйл тус бүрийг хадгалж үлдэх нь экосистемийг хамгаалах шалтгаануудын зөвхөн нэг хэсэг юм. Хүн төрөлхтөн дэлхийн экоситемд хувьсан үүссэн ердөө нэг зүйл бөгөөд бидний мэнд үлдэх эсэх нь эдгээр экосистем болон түүнд оршигч бусад биологийн төрөл зүйлүүдээс хамаардаг. Экосистем бидний агаар, усыг цэвэршүүлдэг. Бидний хаягдлыг хоргүйжүүлж, задалж, байгалийн аюултай үзэгдэл, үерийн нөлөөг бууруулдаг. Экосистем дэх организмууд бидний тарьсан хүнсний ургамлуудад тоос хүртээж, хортонг хянаж, хөрсийг үүсгэж, хамгаалж байдаг. 

- Дээр дурдсан биологийн олон янз байдалд аюул учруулж буй хүмүүсийн хорт үйлдлийг зогсооход ямар ямар ажлуудыг хийх шаардлагатай байдаг вэ. Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудаас бидэнтэй хуваалвал?

- Нэг удаагийн хэрэглээнээс татгалзах, даавуун тор хэрэглэх гэх мэт бид бүгд мэддэг хэр нь бодитоор хийдэггүй энэ жижиглэн үйлдлүүдээр байгаль орчноо хамгаалах бүрэн боломж хүн бүрийн гарт байдаг. Мөн хүмүүс тэр бүхэн анзаардаггүй зүйл гэвэл агаар салхинд гэр бүл, найзуудтайгаа гарах үедээ хэт чанга чимээ гаргах, спикерээр дуу тавих гэх мэт бидэнд таатай зүйлс тэнд байгаа амьд биетэд яаж нөлөөлж байгаа вэ гэдгийг боддоггүй. Жишээлбэл, Богд ууланд маш олон төрлийн шувуу бий. Шувуудыг өндгөө дарах үед нь их хэмжээний дуу чимээ гаргах нь тэднийг стресстүүлж байдаг. Амьтад стресстэй байх нь тухайн амьтдын мэнд үлдэхэд сөрөг нөлөө үзүүлнэ. Бид автомашины дуут дохионы чимээнд ядардагтай л адилхан шүү дээ. Иймд ядаж л тухайн амьтдын үржлийн үе, өндгөө дарах үед нь орилж чарлахгүй, айж цочоохгүй, боловсон аялах нь зүйтэй. 

- Энэ талаар хүмүүст таниулах зорилгоор ямар ажлууд манайд хийгдэж байгаа вэ?

- Ер нь аль ч төрлийн судалгааны ажил хийсэн түүнийхээ үр дүнг олон нийтэд түгээх, таниулах нь олон талын чухал ач холбогдолтой. Монголчуудын байгаль орчны боловсрол тийм ч хангалттай биш учраас өөрсдийн хийж буй судалгааны ажлын үр дүнг хэн бүхэнд ойлгомжтой байлгах зорилгоор сургалт, сурталчилгааны ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Мөн биологийн олон янз байдлын хувьд чухал ач холбогдолтой газар амьдардаг сургуулиудын эко клубийн хүүхдүүдэд сургалт орох зэргээр тодорхой хэмжээний нөлөөллийн ажлуудыг хийж байна. Тухайлбал, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн судлаачид “Залуу байгальч” нэртэй зуны сургалтыг зохион байгуулдаг. Энэ нь биологийн олон янз байдал талаасаа чухал ач холбогдолтой ус намгархаг газар амьдардаг орон нутгийн хүүхдүүд, Монголын скаутын холбооны сурагчдад зориулан ус намгархаг газрын экологийн болон биологийн олон янз байдлын ач холбогдлын талаар таниулдаг сонирхолтой онол, практик хосолсон сургалт юм. Нөгөөтээгүүр энэ төрлийн мэдээллийг түгээхэд хамгийн сайн хүлээж авдаг нь хүүхдүүд байдаг. Биологийн олон янз байдлыг яагаад хамгаалах хэрэгтэй тухай ойлголтыг багаас нь суулгачихсан байхад хүүхэд насан туршдаа байгалиа хайрлаж, хамгаалж явахыг хичээнэ. Ирээдүйд амьдрах хүмүүс нь тэд шүү дээ.

Ч.Баярмаа: Хүн төрөлхтөн бид дэлхий дээрх 8.7 сая зүйлийн ердөө л нэг нь

- Ярилцлагын төгсгөлд яагаад энэ мэргэжлийг сонгож, энэ салбарт ажиллах болсон тухайгаа товчхон хуваалцахгүй юу?

- Багаасаа байгалийн зүй тогтол, амьтан ургамлын зан төрхийг ажиглах сонирхолтой миний мөрөөдлийн мэргэжил экологич. Миний төрсөн Их нууруудын хотгорт дэлхийн хэмжээнд ховордсон ховор амьтад олон байдаг. Жишээлбэл, монгол бөхөн, цоохор ирвэс, Зүүн Азийн хэмжээнд 120-хон үлдчихээд байгаа борцгор хотон гэх мэт маш олон төрлийн нэн ховор амьтан, ургамалтай нэг экосистемд амьдардаг байсан. Миний хувьд одоогоор “Монгол бөхөнгийн идэш тэжээл”-ийн чиглэлээр судалгаа хийдэг. 

Бидний өдөр тутамдаа хийж буй маш жижигхэн зүйлс хүртэл биологийн олон янз байдлыг хамгаалахад эерэг нөлөөллийг авчрах боломжтой. Хамгийн энгийн нь өөрийн аягатай явах нь нэг удаагийн хуванцар хэрэглээнээс татгалзаж байна гэсэн үг. Мэддэг, байнга сонсдог хэр нь хэрэгжүүлдэг хүмүүс цөөн байдаг тул жижиг өөрчлөлт ч чухал үр дүнтэй гэдгийг ухамсарлаж бусад төрөл зүйлүүддээ амьдрах боломжийг нь олгоосой гэж боддог. Цаашид бидэн шиг залуучууд сонссон, мэдсэн зүйлсээ найздаа, гэр бүлийнхэндээ хэлдэг, бусадтай хуваалцдаг байх нь хамгийн чухал. Гэхдээ байгалиа хамгаалахад, биологийн олон янз байдлыг хадгалахад хэн бүхний оролцоо хамгийн чухал гэдгийг ойлгож, үйлдэл хийдэг хүн олон болоосой гэж хүсдэг. 

- Ярилцсанд баярлалаа.