Баяр тэмдэглэснийг гэрчлэх амттан, чихрийн цаас, бэлэг сэлтийн сав, баглаа боодол зэрэг ул мөрөө арилгахаар “хар уут” руу чихэж багтаагаад, хэн түрүүлж боссон нь гэрээс түргэхэн шиг гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэр орох талтай. Гэрийн гадаа гарахад хотхоны хэдэн арван айлын баярын ширээнээ сорхигдсон цэв цэвэрхэн амттаны хайрцаг, чихрийн цаас, нэг удаагийн хэрэгсэл уут уутанд чихэгдэж, хотхоны гадаах хогийн бункерийн гадна талд хөглөрчихдөг. “Хогны машин” хэзээ ирж авах нь тодорхойгүй байдаг тийм ээ?🤔 “Магадгүй ойрын хоёр өдөр хогийн цэгт хөглөрөх биз” гэсэн бодол танд төрж байсан уу? Гэхдээ Тохижилт үйлчилгээний төвийн ажилчид ч гэсэн ажлын бус цагаар амардаг л байх.
Ингэхэд энэ их хаягдал хаанаас гараад ирэв ээ гэж санаа алдахтай зэрэгцэн “өчигдөр чинь баярын өдөр байсан шүү дээ, хө” гэх бодол толгойд бууна. Тэгээд бодохоор баяр наадмын өмнөх өдрөөс эхлээд л Улаанбаатар хотын супермаркетуудад дараалан зогсох оочир, машины түгжрэл шиг л урагшаа ч үгүй, хойшоо ч үгүй болчихсон байдаг😀. Харин баярлаж дууссаны дараа нөгөө худалдаж авсан хоёр тор дүүрэн амтат чихэр, түргэн хоол, ундаа дуусаж, нэг тор нь хаягдлаар дүүрсэн байдаг. Өдөр бүр амттан, чихэр иддэг хэр нь баяр гэхээр бүр их идэхийг хүсдэг нь бас сонин. Гэхдээ орчин үеийн хүмүүс бид зөвхөн амттан, чихэр, хоол идэхээс гадна микропластик буюу бичил хуванцрыг нэг удаагийн хуванцар халбага, сэрээ, усны саваар дамжуулан идэж байгаа бөгөөд энэ нь жилд 70,000 орчим ширхэгт хүрдэг ажээ😲. Харамсалтай нь ууттай хогоо гаргаж хаях амархан ч гэдэс бие организм дотор орчихсон микропластикийг яаж хаях билээ дээ! “Нэг удаагийн хуванцар соруул, халбага, сэрээ, гялгар уутнаас татгалзацгаая!” гэж уриалаад байдаг нь учир жанцантай л байж.
Бид баярын үеэр бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа маргааш бидний худалдан авалтаас хэчнээн хувь нь “хар уутан дахь хаягдал” болдог бол гэж бодох ч завгүй баярын өдрүүдийн маркетингийн золиос болж, өнгөлөг, амттай гэсэн болгоныг сагсандаа хийдэг. Цагаан сар, шинэ жил, наадмын үеэр шаазан аяга таваг хэрэглэхээс залхуурч, уут уутаар нь нэг удаагийн хэрэгслүүд авах нь ч бий. Бараг баярын өмнөх зуршил болчихсон ч юм шиг. АНУ-д нийт жижиглэн худалдааны борлуулалтын 33% нь Зул сарын баярын өмнөх ганцхан сард борлуулагддаг. Үүнтэй зэрэгцээд үүсэж буй хог хаягдлын хэмжээ нь 25 хувиар нэмэгддэг😲. Бас л өндөр хувь байгаа биз🙄. Гэхдээ АНУ бол үйлдвэрлэл өндөр хөгжсөн бөгөөд хог хаягдлынхаа гуравны нэгийг (32%) дахин боловсруулж, хүнсний хаягдлыг бордоо болгодог.
Харин манай Монголд баярын үеэр хог хаягдлын хэмжээ хэр нэмэгддэг тухай бодитой тоон үзүүлэлт байхгүй ч баярын дараах өдрүүдэд байрны гадаах хогийн цэгийг харвал яалт ч үгүй нэмэгддэг нь илт. Гэтэл 2022 онд 2.8 сая тонн хаягдал үүссэн бөгөөд ердөө 7.6%-г нь л дахин боловсруулсан ба үлдсэн 92.4% нь бидний мэдэх Улаанчулуут, Цагаан давааны хог хаягдлын цэгт ил задгай хаягдах юм уу, булагдаж байна. Хм…🥺. Энэ нь манай улсад хог хаягдлыг ангилах, үүсгэсэн хаягдалдаа хариуцлагатай байх хандлага хараахан төлөвшөөгүйгээс гадна тээвэрлэлтийн систем төдийлөн хөгжөөгүй байгаатай холбоотой юм. Гэхдээ одоогоос хэдхэн жилийн өмнө монголчууд баяр наадмын ширээгээ айраг, цагаан идээгээр засаж, баяр дуусах үед юу ч үлддэггүй тийм цомхон, эрүүл баярладаг ард түмэн байсан шүү дээ. Харьцуулаад үзвэл, хөгжлийн үе шаттай холбоотой үүсэж байгаа олон үр дагаврын нэг нь хог хаягдлын асуудал бөгөөд хүний хэрэглээнээс үүсэж байгаа учраас шийдэл ч бас хүнээс шууд хамааралтай байж таарна. Тиймээс өглөө шүдээ угаахаа мартдаггүй шиг хаягдал бага үүсгэх тухай боддог, эргэцүүлдэг байх шаардлага бидний өмнө тулгарч байна. Нөгөөтээгүүр, бид хог хаягдлыг үүсгэж байгаагаа анзаардаг ч худалдан авсан нэг бүтээгдэхүүнээс хэр их хаягдал үүсэж байгааг анзаардаггүй. Бодит харьцуулалт хийх гэж оролдъё. Жинлүүр гаргаж ирээд нэг талд нь худалдан авсан барааны сав, баглаа боодол нөгөө талд нь дотор нь байгаа өөрсдийн идэх амттаныг тавиад үзье.
Дүгнэлт:
Чихэр, амттан, түргэн хоол гээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг нь судалгаагаар батлагдсаар байгаа зүйлсийг “баярын бэлэг” болгож өөрсдөдөө өгдөг ч тэр нь бидний эрүүл мэнд төдийгүй байгальд сөрөг нөлөө үзүүлж байгааг бид мэддэг. Гэхдээ л тэр сонголтыг хийсээр байна. Түүнчлэн баяр наадам, тэмдэглэлт өдрүүдээр тор дүүрэн чихэр амттан худалдаж авах явдлыг “тансаглал” гэж үзэхээс илүү энэ нь бидний эрүүл, ногоон, тухтай орчинд амьдрах боломжоос хумсалж байгаа гэдгийг ухамсарлах тийм цаг үед бид амьдарч байна. Нөгөөтээгүүр байгаль орчны асуудлын үр нөлөөг илүү урт хугацаанд мэдрэх үеийн хүмүүс нь залуучууд бид учраас бусдаас түрүүлж, ухаалаг, энгийн амьдралын хэв маягийг сонгож, өмнөх үеийнхэн төдийгүй дараагийн үеэ манлайлах хэрэгтэй юм шүү.
Редактор: Г.Цэнд-Аюуш
Гэрэл зургийг: Л.Буд