Залуусын орон зай

Нэг баяр - өөр уламжлалууд: Орон орны Цагаан сар

Б.Намуун2025.03.075 минут унших
Нэг баяр - өөр уламжлалууд: Орон орны Цагаан сар  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Дэлхий даяар арван хоёрдугаар сарын 31-нийг он солигдох мөч хэмээн тэмдэглэдэг. Үүний хажуугаар Азийн олон улс орон цаг хугацаа өнгөрч, он жил улиран солигдож буйг өөрсдийн баялаг, гүн гүнзгий уламжлалын хүрээнд тэмдэглэдэг билээ. Монголын сар шинийн баяраас эхлээд Солонгосын Сеолнал, Хятадын хаврын баяр гэх мэт хэлбэр ондоо ч агуулга ижил орон орны Цагаан сарын баярыг олон улсын залуучууд хэрхэн тэмдэглэдэг бол? 

Солонгосын Цагаан сар - Сеолнал (설날) 

“Сеолнал” (설날) гэх Солонгосын Цагаан сар нь билгийн тооллын эхний өдөр тэмдэглэдэг соёлын чухал баяр юм. Гурван өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээ нь гэр бүлийн эв нэгдэл, өвөг дээдсээ хүндэтгэх, шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтахыг чухалчилсан түүх, уламжлал гүн гүнзгий шингэсэн арга хэмжээ аж. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 29-нөөс 31-ний хооронд тохиосон байна. 13-р зууны үеийн “Самгук Юса” зэрэг түүхэн сурвалжид солонгосчууд Цагаан сарын баярыг МЭ 488 онд Силлагийн 21 дэх хааны үед тэмдэглэж эхэлсэн гэсэн байдаг.  

Шин Гуан Ху /신관호/ 

web (4).jpg

Манай гэр бүл Цагаан сар тэмдэглэхдээ “чаре” (тахил) өргөдөг.  Чаре нь  өвөг дээдэстээ зоог барьж өргөдөг уламжлал юм. Мөн нас барсан өвөө эмээгийнхээ булш дээр очиж “сонмю” (өвөг эцгийн булшийг эргэх) тахил өргөх нь ч бий. Сүүлийн үед тахил өргөх ёслол төвөгтэй болсон учраас манай гэр бүл бага зэрэг орхигдуулж байгаа. Бусад Азийн оронд яаж баярладаг талаар сайн мэдэхгүй ч, өвөг дээдэстээ тахил өргөж, хамаатнуудаараа цуглан, уламжлалт тоглоомоо тоглодог нь бусад орны Цагаан сараас ялгарах ялгаа байх.  

Баярын үеэр үндэсний хувцсаа өмсдөг үү? 

Ханбугийг багадаа нэг л удаа өмссөн. Үнэтэй бас өмсөөд явахад жаахан хэцүү учраас өмсдөггүй.  

Солонгосын залуу үеийнхэн Цагаан сарын уламжлалт зан заншлыг эрхэмлэдэг хэвээр байна уу, эсвэл өөрчлөгдөж байна уу? 

Сүүлийн үед залуучууд гэртээ тахил өргөж, ах дүүстэйгээ уулзахгүйгээр зүгээр л гэртээ өнгөрүүлэх эсвэл аялалд явах байдлаар тэмдэглэх хэв маяг нь өөрчлөгдөж байгаа. 

Хэрвээ гадаадын иргэн Солонгосын Цагаан сарыг тэмдэглэж үзэхийг хүсвэл та юуг зөвлөх вэ?  

Хөдөө очиж үзээрэй. Хөдөө амьдардаг хүмүүс уламжлалаа үргэлжлүүлэн авч үлдэж, гэр бүлээрээ цугларан, тахил өргөж, уламжлалт тоглоом наадгайгаа тоглодог учраас үндэсний баярын онцлох зүйлсийг бүрэн мэдрэх боломжтой. 

Тайландын цагаан сар  - Сонгкран 

Сонгкран нь Тайландын уламжлалт шинэ жил бөгөөд жил бүрийн дөрөвдүгээр сарын 13-аас 15-ны хооронд тэмдэглэдэг. Уг нэр томьёо санскрит хэлний "saṃkrānti" гэсэн үгнээс гаралтай, хувирал, өөрчлөлтийг илэрхийлдэг "зурхайн хөдөлгөөн" гэсэн утгатай үг юм. Бүхий л Цагаан сарын баярт байдгаар ахмадаа хүндлэх ёс энэ баярын ч амин чухал хэсэг билээ. Тухайлбал, "Род Нам Дум Хуа" уламжлал гол ёс заншил нь бөгөөд залуу хүмүүс ахмад настнуудын алган дээр анхилуун үнэртэй ус асган, ахмадууддаа болон ирэх жилдээ хүндэтгэл үзүүлж, адис хүртдэг байна.  

Санхаторн  

web (5).jpg

Бид нэгэндээ аз хүсэн, сүмд очиж бурхны баримлыг угааж, өндөр настнуудын гар болон толгойд ус шүршин хүндэтгэл үзүүлдэг. Манай шинэ жил Грегорийн тооллоор дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд тохиодог нь бусад Цагаан сарын баяраас ялгаатай. Мөн Бангкок хотын Чайна Таунд Хятадын хаврын баярыг тэмдэглэдэг. Анх хятад гэр бүлүүдийн л арга хэмжээ байсан бол одоо тайландчууд, жуулчид ч хамтдаа тэмдэглэдэг болсон.  

Тайландын залуу үеийнхэн Цагаан сарын уламжлалт зан заншлыг эрхэмлэдэг хэвээр байна уу, эсвэл өөрчлөгдөж байна уу? 

Заншлаа баримталж буй хүмүүс бий ч, сүүлийн үед гудамжны үдэшлэг, хөгжмийн фестиваль зэрэг орчин үеийн зүйл ихээр нэмэгдэж, улам бүр өөрчлөгдөж байгаа. 

Хэрвээ гадаадын иргэн Тайландын Цагаан сарыг тэмдэглэж үзэхийг хүсвэл та юуг зөвлөх вэ? 

Усны баярт оролцох нь хамгийн сонирхолтой байдаг. Бангкок, Чианг Май зэрэг  алдартай газруудаар зочилж, баярын уур амьсгал мэдрэх боломжтой.  

Хятадын цагаан сар - Чунжэ 

Чунжэ (春节) буюу Хаврын баяр гэж нэрлэгддэг энэ баяр нь сарны хуанлид тулгуурладаг бөгөөд энэ жил нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 12 хүртэл тохиосон. Ийнхүү 15 хоног үргэлжилсэн Цагаан сар дэнлүүний баяраар өндөрлөдөг билээ.  

Цзинь Хань  

web (3).jpg

Би Хятадын хойд нутагт амьдардаг. Хятадын олонх гэр бүл шинэ жилийн өмнөх өдөр үдийн 12 цагт хамтдаа хооллодог уламжлалтай. Гэвч миний өвөө өмнөд нутгийн хүн тул манай гэр бүлийн уламжлал бага зэрэг ялгаатай. Бид оройн зоог барьж, дараа нь гэр бүлээрээ Хятадын шинэ жилийн баярын нэвтрүүлгийг үздэг. Шөнө 11 цагт томчууд банш хийж эхэлдэг бөгөөд зарим баншны дотор зоос хийдэг. Зоостой баншийг идсэн хүн тухайн жилдээ маш азтай, аз жаргалтай байна гэж үздэг. Шөнийн 12 цаг болох үед гэр бүлийн бүх гишүүн хамтдаа буузаа иддэг. Ташрамд дурдахад, Хятадын шинэ жилийн оройн хоолонд заавал тэгш тоотой хоол байх ёстой. Учир нь "Сайн зүйлс үргэлж хосоороо ирдэг" гэсэн эртний Хятадын зүйр цэцэн үг бий.  

Хятадад уламжлал ёсоор улаан өнгийн хувцас өмсөх нь түгээмэл байдаг. Орчин үед энэ уламжлалыг бага зэрэг хялбаршуулсан бөгөөд улаан хувцас өмсмөөргүй байвал улаан оймс ч өмсөж болно. Хятадын шинэ жилийн өдөр биедээ улаан өнгийн зүйлтэй байх нь аз жаргал, аз хийморь авчирдаг гэж үздэг. Мөн ахмад хүмүүс хүүхдүүддээ мөнгө бэлэглэдэг. Энэ мөнгийг улаан дугтуйнд хийж өгдөг бөгөөд тухайн өдөр хүүхдүүд мөнгөө дэрэн доороо тавьж унтдаг уламжлалтай. 

Хятадын залуу үеийнхэн Цагаан сарын уламжлалт зан заншлыг эрхэмлэдэг хэвээр байна уу, эсвэл өөрчлөгдөж байна уу? 

Ихэнх шинэ жилийн уламжлал өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байна. Жишээлбэл, шинэ жилийн өмнөхөн бүгд халуун усанд орж, үсээ засуулдаг нь хэвээр үлдсэн.  Харин өнгөрсөн үеийн уламжлалаас өөрчлөгдсөн зүйл гэвэл залуучууд оройн зоог барьсны дараа найзуудтайгаа уулзах нь түгээмэл болжээ. 

Хэрвээ гадаадын иргэн Хятадын Цагаан сарыг тэмдэглэж үзэхийг хүсвэл та ямар уламжлалд нь оролцохыг, ер нь юуг зөвлөх вэ? 

Миний бодлоор Хятадын шинэ жилийн хамгийн онцгой уламжлал бол банш хийх юм. Энэ нь хамгийн эртний бөгөөд нийт гэр бүлийн оролцоотой уламжлал. Баншны дотор зоос хийх нь хөгжилтэй бөгөөд зоостой баншийг идсэн хүн ирэх жилдээ азтай байна гэж үздэг. Иймээс үүнийг туршиж үзэхийг санал болгож байна. 

Монголын цагаан сар 

Мэдээж, монголчууд бид ч Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Ингэхдээ  Монголын Бурхны шашин буюу шарын шашны Төгсбуянтын зурхайн дагуу хаврын эхэн сарын нэгэнд тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд XVII жарны модон могой жилийн шинийн нэгэн тасарч, шинийн хоёрны өдөр гуравдугаар сарын 1-нд тохиох юм. Тиймээс бид хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд буюу шинийн хоёрны өдөр золгох билээ. Өмнө нь мөн 1944 онд шинийн нэгэн тасарч байсан юм.  

Х.Умаахан 

web (2).jpg

Манайх буддын шашинтай айл учраас битүүний өдрийн орой Лхам бурханд идээ ундаа бэлдэхээс эхэлдэг. Гэрийнхээ дээвэр дээр будаа, ус, өвс тэргүүтнийг тавьж хонуулна. Лхам бурхан будаагаар зоог барьж, өвс усаар нь унаж яваа морь нь ундаалдаг гэж үздэг заншилтай. Малчин айл учраас шинийн нэгний өглөө хуц, ухна хааш харж хэвтсэнийг шинжиж, ирэх жилийн өнгийг тодорхойлно. Энэ нь малчдын байгаль дэлхийгээ ойлгох, түүнтэйгээ харьцах нэгэн философи ч байж мэдэх юм. Азийн бусад орны Цагаан сараас ялгарах зүйл нь эл өдрүүдэд ямар ч атаатан дайсандаа өс санахгүй золгож, амар мэндийг нь асуудаг гэдэг утгаараа тун ч догь баяр гэж боддог шүү. 

Монголын залуу үеийнхэн Цагаан сарын уламжлалт зан заншлыг эрхэмлэдэг хэвээр байна уу, эсвэл өөрчлөгдөж байна уу?  

Монгол залуус зан заншлаа их эрхэмлэдэг гэж хардаг. Мэдэхийг хүсдэг, үргэлж яагаад гэж асуудаг юм шиг. Харин тэгэх бүрийд дунд болон ахмад үеийнхнээс цэцэрхсэн “Ээ, ийм ч юм мэдэхгүй, одоогийн залуус ч дээ” гэсэн хандлагатай тулгардаг байх. Уг нь ингэж нандигнаж яваа залуустаа аль болох зааж зөвлөөд өгмөөр л бодогддог юм. Одоо гудамжаар явж байгаа залуусаас гараад та ямар баярт дуртай вэ гэж асуувал гурван хүний хоёр нь лав Цагаан сар гэх байх шүү. Зардал өндөртэй баяр гэхээс илүүтэйгээр ах дүү хамаатан саднаа мэдэх, танилцах нь эргээд л бидэнд тулгардаг цус ойртохоос өгсүүлээд олон асуудлаас сэргийлдэг гэдгийг залуус аль хэдийн ухаарсан.  

Хэрвээ гадаадын иргэн Монголын Цагаан сарыг тэмдэглэж үзэхийг хүсвэл та ямар уламжлалд нь оролцохыг, ер нь юуг зөвлөх вэ? 

Зүгээр л биднийг их түүхийн эзэд энүүхэн муу Монгол Улсдаа энх амар, эрх чөлөөтэй дураараа байгааг ойлгоосой. Хоёрын хоёр коммунист улсын дунд далайд гарцгүй нэгэн жижиг улсын ард түмэн хэчнээн эрх чөлөөтэй өөрсдийн хүссэнээрээ өв уламжилж ирсэн баяраа тэмдэглэн суугааг ойлгоосой л гэж хүсэж байна. Ядаж л энэ бие даасан улстай худалдаа наймаа, эдийн засгийн үр өгөөжтэй гэрээ хэлэлцээр хийхэд болох юм байна гэдгийг мэдээсэй.  

Өв соёлоо дээдэлж, өвөг дээдсийнхээ уламжлалыг хүндэтгэн угтдаг Цагаан сарыг Азийн олон оронд өөр өөрийн өнгө аясаар тэмдэглэдэг ажээ. Цаг хугацаа улиран одохын хэрээр тус баяр шинэчлэгдэн, залуучуудын тэмдэглэх хэв маягт ч хаа сайгүй өөрчлөлт орж буйг бид харлаа. Энэ хүргээд нийтлэлээ жаргаан, уншигч авхай танд элбэг дэлбэг, энх амгалан, эрч хүчээр дүүрэн өгөөмөр сайхан жил ирэхийг ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй! 

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд